Тайланд улстай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар солилцлоо
Үйл явдал
/
2022-09-21
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Тайландын Хаант улсын Бангкок хотноо тус улсын Хөдөө аж ахуй, хоршооны яамны Дэд төрийн нарийн бичгийн дарга Р.Сомчуантай уулзаж, хоёр орны хөдөө ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, санамж бичиг байгуулах асуудлаар зөвлөлдсөн юм.

Уулзалтаар Монголын талаас санамж бичгийн төслийг эхний байдлаар танилцуулсан бөгөөд Тайландын Хөдөө аж ахуй, хоршооны яам танилцаж боломжтой саналаа тусгаж ирүүлэхээр талууд санал нэгдэв. 

Хоёр тал цаашид Монгол-Тайланд улсын хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хоршооны салбарын харилцааг бэхжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас малын гаралтай бүтээгдэхүүн түүн дотор арьс шир, мах, махан бүтээгдэхүүнийг Тайланд улсад экспортлох, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хоршооллын салбарын боловсон хүчний чадавхыг сайжруулах, богино, дунд хугацааны сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Тайланд улсын талаас далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс, цагаан будаа экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яам хооронд байгуулсан “Монгол, Тайландын хооронд 2022 - 2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний эргэлт, тоо хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг талууд онцоллоо. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг Тайландын талд танилцуулж тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Tайланд улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хоршооллын сайн туршлагыг судлаж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.