Дүүргийн хэмжээнд энэ 7 хоногоос “Хашаа” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ
Үйл явдал
/
2022-09-22
Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2022.09.20) боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд нийслэл, дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа. Дараа нь ЗДТГ-ын харьяа хэлтсүүдийн сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг сонссон юм.  

02-05 насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 95,9 хувьтай байна

Баянгол дүүргийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн 38 цэцэрлэг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд 02-05 насны бүх хүүхдийн цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсантай холбоотойгоор цэцэрлэгийн элсэлтийг 3 үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний үе шатад дүүргийн хэмжээнд хүн амын тоогоор 23,100 цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас 17,311 хүүхэд буюу 74,9 хувь нь цэцэрлэгт элсэх хүсэлтийг ирүүлсэн. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгт 14,674 хүүхэд, төрийн өмчийн бус цэцэрлэгт 1933 хүүхэд элсэн суралцаж байгаа бөгөөд хамрагдалт 95,9 хувьтай байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны элсэлт зохион байгуулагдаж эхэлсэн. Энэ сарын 10-аас эхлэн e-mongolia системээр хүсэлтийг хүлээн авч байгаа гэдгийг Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал онцоллоо. Хоёрдугаар шатны элсэлтээр 26-р хороо буюу Нарны хороолол, 25 дугаар хороо буюу “Голден парк”, “Цоглог” хотхоны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах хүсэлт ихээр ирүүлж байна. Мөн шинээр нээгдсэн салбар цэцэрлэгүүдэд хүүхэд тоглох тоглоомын хүрэлцээ хангалтгүй байна гэсэн. Дүүргийн Засаг дарга цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дүүргийн зүгээс бүх шатны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа гэдгийг онцлоод шинээр нээгдсэн салбар цэцэрлэг болон түрээсийн цэцэрлэгүүдийн шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн. Цаашид ч дэмжин ажиллана гэсэн юм. Мөн энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсийг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэг гээд боловсролын байгууллагуудад галын аюулгүй байдлын үзлэг хийх, гэнэтийн осол аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах үүргийг өглөө.

Ташрамд мэдээлэхэд дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийн асуудал хэвийн байгаа бөгөөд одоогоор гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль байхгүй байгаа юм. Мөн энэ хичээлийн жилд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг өгч байна.

БГД-ийн тамирчид Монголын бүх ард түмний спортын XV наадамд амжилттай оролцлоо  

БГД-ийн Биеийн тамир, спорт хорооны дарга Г.Батбаяр дүүргийн удирдах ажилтнуудад цаг үеийн мэдээлэл өглөө. Ингэхдээ “Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-өөс 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан. Энэ наадамд Баянгол дүүргийн баг тамирчид 24 төрлөөр оролцож нийт 56 медаль хүртлээ. Энэ гаргасан амжилтаараа манай дүүрэг бусад 9 дүүргээс гуравдугаар байрт, харин 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд 5 дугаар байрт орсон амжилт гаргалаа” гэв.

Түүнчлэн Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо дэргэдээ Усан бассейныг ажиллуулахаар бүх бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга хүүхдүүд тэр дундаа гэр хороололд амьдардаг хүүхдийг спорт, усан спортоор хичээллүүлэхэд онцгой анхаарал хандуулах үүнд хороодын Засаг дарга нар БТСХ-той хамтран идэвхтэй хамтран ажиллахыг үүрэг болгов.Мөн энэ ажилд дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-ыг хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.  

“Хүүхэд, залуучуудын соёлын ордон” 17 дугуйланд элсэлт авч байна

Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ өмнө нь жилд 500-600 гаруй хүүхдийг 12 төрлийн дугуйлан секцэд хамруулдаг байсан. Гэвч ковид-19 цар тахлаас болж сүүлийн хоёр жилд идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд энэ жилээс хэвийн үйл ажиллагаандаа шилжиж, элсэлтүүдээ нэмж авч эхэлсэн байна. Ингэхдээ сургалтын төвийн тоогоо нэмж, нийтдээ 17 дугуйланд элсэлт авч эхэлсэн байна. Дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-аас үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай санхүүжилтийг өгсөн. Ингэснээр нэгдүгээр давхартаа үндэсний хэл бичгийн танхим нээсэн гэдгийг онцоллоо. Мөн энэ үеэр Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Гэрэлгуа мэдээлсэн өгсөн. Тэрбээр “Манай төв нь Баянгол дүүргийн нийт хүн амын боловсролын хэрэгцээг тасралтгүй хангах зорилгоор Гэр бүл, эрүүл мэндийн боловсрол, бичиг үсгийн боловсрол олгох сургалт, боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалт, компьютер, мэдээллийн технологийн сургалт, Үндэсний бичгийн сургалт гээд нийт 12 сургалтыг зохион байгуулдаг. Хороодын Засаг дарга иргэддээ мэдээлэл өгснөөр манай төвтэй хамтран ажиллах боломжтой” гэв.

Ахмадын баярыг угтсан үйл ажиллагааг зохион байгуулна  

Ахмадын баяр болох гэж байгаатай холбоотойгоор дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн дүүргийн удирдах ажилтнуудад цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр энэ жилийн Ахмадын баяраар дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран 3200 гаруй ахмадыг оролцуулсан нэгдсэн уулзалтыг зохион байгуулна. Үүнд хорооны Засаг дарга нар хамтран ажиллах хэрэгтэй. Мөн ахмадуудад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнд, ахмадуудын дунд шатрын тэмцээн, дүүргийн БТСХ-той хамтран Монгол наадгай тэмцээнийг зохион байгуулна. Үүнээс гадна цэргийн бэлтгэл үүрэгтэн ахмадуудаа нүдний үзлэгт оруулахаар төлөвлөсөн гэв.

Ахмадын баяр болох гэж байгаатай холбоотойгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх тодорхой ажлуудыг зохион байгуулах шаардлагатай гэдгийг дүүргийн ЗДТГ, үндсэн болон харьяа хэлтсүүд, хороодын Засаг дарга  нарт  хэлсэн.  Мөн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтсээс ахмадуудад зориулсан мэдээллийг гаргаж, холбогдох хэлтэс, хороодод өгөх шаардлагатай гэсэн юм.    

18-30 насны залуус эрт илрүүлэх үзлэгт хамрагдах идэвх муу байна

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Иргэд зургаан насны ангиллаар эрт илрүүлэгт хамрагдах ёстой. Гэвч 18-30 насны залуусын мэдээлэл дутуу, дээр нь эрүүл мэндийн даатгалаа бүрэн бөглөөгүйн улмаас үзлэгт хамрагдах нь бага байна гэдгийг Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар онцоллоо. Мөн үзлэгийн үеэр 60 гаруй хүн хавдартай болох нь тогтоогдож дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлсэн гэв. Түүнчлэн Ахмадын баяр болох гэж байгаатай холбоотойгоор  Уламжлалтын эмнэлэг ажиллаж байна гэсэн.

Хөдөлмөрийн насны залуусыг ажил эрхлэхэд дэмжинэ

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний төв нь “Халамжаас-Хөдөлмөрт” бодлогод суурилсан төрийн үйлчилгээг үр дүнтэй, шинэлэг хэлбэрээр зохион байгуулж ажил олгогч, ажил хайгч болон ахмадаа хүндэтгэсэн, залуучууд гэр бүлийн хөгжлийг дэмжин ажилладаг. Энэ ч утгаараа хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар манайхтай нягт хамтран ажиллаж зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэх насны залуусыг хөдөлмөр эрхлэхэд дэмжиж ажиллах шаардлагатай байна гэв.   

ЖДҮ эрхлэгчдийг томоохон худалдан авалт хийдэг ААН-үүдтэй холбоно   

Баянгол дүүрэг 2022 оныг “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төвөөс бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллаж байгаа юм. Тухайлбал, энэ зун эх орондоо болон олон улсад зохиогдсон томоохон арга хэмжээнүүдэд бизнес эрхлэгчдээ дэмжиж оролцсон. Тухайлбал, АНУ-д болсон Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн хуралдаанд дүүргээсээ 15 ААН-ийг дэмжин оролцуулсан. Тэгвэл одоо БНСУ-ын Сөүл хотноо “Монгол үйлдвэрлэв-2022, БНСУ-д” үзэсгэлэн худалдаанд 13 ААН-ийг оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа гэдгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Ч.Чойдог хэллээ.

Дүүргийн Засаг дарга жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих ажлын хүрээнд  дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, томоохон худалдаа хийдэг аж ахуй нэгжүүдийг жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзах уулзалтыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо. 

Ил задгай худалдаатай холбоотой гомдол иргэдээс их ирж байна  

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс цаг үеийн мэдээлэл өглөө. Ингэхдээ энэ жил хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор МХХ-т ирэх өргөдөл гомдлын тоо нэг дахин нэмэгдсэн. Хүнс, ил задгай худалдаа, баар рестораны үйл ажиллагаатай холбоотой гомдол түлхүү ирж байна. Түүнчлэн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс наймдугаар сарын 16-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд боловсролын 45 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж холбогдох зөрчлийг арилгуулахаас гадна зөвлөн тусалж ажилласан гэв. Түүнчлэн дүүргийн Засаг даргын захирамж гарсантай холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж 35 тарвага хураан устгалт оруулсан гэсэн юм.

Хүүхдийн төлөө зөвлөлийг хуралдуулна   

БГД-ийн ГБХЗХ-ийн дарга Б.Даваажаргал цаг үеийн асуудлаар мөн мэдээлэл өглөө. Тэрбээр хичээлийн шинэ жил эхэлсэн. Мөн 02-05 насны хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж байгаатай холбоотойгоор гэр бүл, хүүхэд хүчирхийллийн дуудлагын тоо буурсан. Мөн хичээл эхэлсэнтэй холбоотойгоор Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг ажиллуулна. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь сургуулийн Хүүхэд хамгааллын багт арга зүйн зөвлөгөө өгч, байгууллагын эцэг эхийн зөвлөл байгуулах талаар зөвлөн туслан ажиллана. Мөн хүүхдүүд сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдах боломжтой гэсэн. Улмаар дүүргийн Засаг дарга Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаа зохион байгуулж хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар төлөвлөгөө гарган ажиллана гэсэн юм.  

 
Түүнчлэн өнөөдрийн Шуурхай зөвлөгөөний үеэр ЗДТГ-ын үндсэн хэлтсийн дарга нар болон хороодын Засаг нартай хамт дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлтийг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа, гарааш буулгах, газар чөлөөлөх ажлын явц, ТҮЦ чөлөөлөх ажил гээд нэн яаралтай тулгамдаж байгаа асуудлаар тусгайлан ярилцаж, зарим шийдэлд хүрлээ. Тухайлбал,

Хог тээвэрлэлтийг сайжруулах ажлын хэсэг байгууллаа

Баянгол дүүргийн 80 хувь нь орон сууц, 20 хувь нь гэр хороолол. Мөн дүүргийн хэмжээнд зах худалдааны төв болон үйлдвэр үйлчилгээний газар ихтэй учраас хог хаягдал их гардаг. Үүнтэй холбоотойгоор иргэдээс хогтой холбоотой санал гомдол их ирдэг. “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ нь дүүргийн хэмжээн дэх хог тээвэрлэлтийг 4 бүс болгон хуваан ачдаг.

Удирдлагуудынх нь мэдээлснээр өнөөдрийн байдлаар хог тээвэрлэлтийн 30 гаруй машинтай. 280 хүн ажиллах орон тоотой ч хүн хүч дутуу байгаа гэдгийг тус газрын удирдлагууд онцоллоо. Мөн цаашид хог татан авалтыг сайжруулахад дутуу орон тоог нөхөхөөс гадна хог тээвэрлэлтийн 11 машин авах шаардлагатайг хэлсэн. Энэ үеэр хорооны Засаг дарга нар “Манай дүүрэгт сүүлийн хоёр жилд бүтээн байгуулалтын ажил их хийгдэж байгаа. Гэвч гүйцэтгэгч компаниуд тохижилт болон барилгын хог хаягдлаа цэвэрлэхгүй үлдээх нь их байна гэсэн гомдлыг хэлсэн. Иймээс дүүргийн Засаг дарга Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс ААН-үүдтэй гэрээ байгуулахдаа хог хаягдлаа заавал ачих ёстой гэсэн заалтыг хатуу оруулах, холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавих шаардлагатай гэсэн юм. 

Мөн “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор дүүргийн холбогдох хэлтэс, хороодын Засаг дарга нар болон мэргэжлийн байгууллагынхныг оролцуулсан Хог ачилтыг сайжруулах Ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Тус ажлын хэсэг нь хог хаягдлыг бууруулах, тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах талаар 2022-2023 оны төлөвлөгөөг боловсруулж ажиллах юм.  

Энэ долоо хоногт 20 байршилд ХАШАА чөлөөлнө

Мөн дүүргийн хэмжээнд гарааш буулгаж, газар чөлөөлөх ажил ямар шатанд яваа талаар Газар зохион байгуулалтын албаны мэдээллийг сонслоо. БГД-т энэ онд 1146 гарааш буулгахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1034 гарааш буулгаад байна. Зарим байршилд гарааш буулгах ажил тодорхой шалтгааны улмаас хүлээгдэж байгаа ч Газар зохион байгуулалтын албанаас Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэстэй хамтран нэн яаралтай, зайлшгүй буулгах шаардлагатай 50 гаруй гараашийн судалгааг гаргасан. Мөн дүүргийн хэмжээнд энэ 7 хоногоос “Хашаа” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ. Энэ арга хэмжээний хүрээнд 20 гаруй байршилд хашаа хайс буулгах ажлыг зохион байгуулна.  

Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам дагуух ТҮЦ-үүдийг чөлөөлнө

Түүнчлэн дүүргийн хэмжээнд тулгамддаг нэг том асуудал нь ТҮЦ-үүд. Иймээс дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон холбогдох бусад хэлтэс мөн хороодын Засаг дарга нарыг багтаасан Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Ингэснээр эхний ээлжид хороодын Засаг дарга нарын гаргаж өгсөн мэдээлэл дээр тулгуурлан ажиллахгүй байгаа 39 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ. Дараа нь ТҮЦ-үүдийг бүсчилсэн байдлаар нүүлгэх арга хэмжээг авах буюу эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам дагуу байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.