С.Амарсайхан: Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулсан 1 доллар нь гамшгийн дараа зарцуулах 10-15 долларын зардлыг хэмнэнэ
Үйл явдал
/
2022-10-08
Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан боллоо.
 
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын гамшгаас хамгаалах алба байгуулагдсан цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн, стратеги бодлогоо шинэчилж, гамшгаас аврах, гал түймэр унтраах техник хэрэгслээ сайжруулж байгаа ч биднээс үл шалтгаалсан байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлж буй нөлөөлөл буурахгүй, учирч болзошгүй эрсдэл илүү нарийн төвөгтэй, тодорхой бус шинж чанартай болж байгаа нь биднээс ихээхэн бэлтгэл, бэлэн байдлыг шаардаж байна.
700
Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулсан 1 доллар нь гамшгийн дараа зарцуулах 10-15 долларын зардлыг хэмнэнэ гэсэн тооцоолол байдаг. Иймд бид гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр гамшгийн дараа учирч болзошгүй хохирлоос сэргийлж, түүнд зарцуулах зардлын хэмжээг 10-15 дахин хэмнэх боломжтой. Гэтэл 2015-2021 оны дунджаар манай улсад гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан зардал улсын төсвийн 0,02 хувийг эзэлж байна” хэмээн онцоллоо.
 
Хуралдаанаар зөвлөлийн 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсч, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Аливаа гамшиг ослын үед бэлэн байх чадварыг сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд бүх насныханд суулгах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх шаардлагатай байна. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл 2019, 2020, 2021 онуудад тус бүр гамшгийн төрөл бүрээр болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх 3 удаагийн багц зөвлөмжийг батлан гаргаж, нийт 77 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэнээс хэрэгжилт хангалтгүй, анхаарал хандуулах шаардлагатай олон арга хэмжээ байна” хэмээгээд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийг бууруулах ажил арга хэмжээний үр дүнг эргэн харж, цаашид Үндэсний зөвлөлийн гишүүдэд салбарын түвшинд онцгойлон анхаарч өндөр хариуцлагатай хэрэгжүүлэх хугацаатай үүрэг чиглэл өглөө.
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.