Н.УЧРАЛ: Операторын горимд шилжих гол зорилго нь төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулах явдал
Үйл явдал
/
2022-10-13

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Нийслэлд нэг цэгийн зургаан төв байдаг. Иргэд операторын горимд шилжсэнээр аль ч цэг дээр очсон төрийн бүх үйлчилгээг авах боломжтой болно. Бид төрийн үйлчилгээг операторын горимд 100 хувь шилжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газарт энэхүү асуудлын талаар танилцуулга хийнэ. Төрийн үйлчилгээний стандартыг цэгцтэй ойлгомжтой болгох ёстой.

Засгийн газраас төрийн үйлчилгээний журмыг баталсан шийдвэр байдаг. Тэрхүү журмыг шинэчлэх ёстой. Шаардлагатай бол төрийн үйлчилгээний стандартын чиглэлээр бие даасан хууль батлах шаардлагатай байна. Төрд байгаа иргэний мэдээллийг төрийн мэдээллийн сүлжээнд холбогдож байгаа байгууллагууд татах эрхтэй байдаг. Гэвч иргэдээс дахин лавлагаа нэхэж, нотариатаар батлуул гэдэг. Энэ нь төрийн хүнд суртал юм. 

ЦХХХЯ төрийн хүнд суртлыг бууруулахад голлож ажиллана. Төрийн өмчтэй ч хувийн оролцоотой "Монгол шуудан" компани аймаг орон нутагт 22, нийслэлд 40 салбартай. Нийслэлийн хэмжээнд нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор "Монгол шуудан" компанитай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Цаашдаа Монгол шуудан компани, операторууд, банк санхүүгийн салбарууд төрийн үйлчилгээгээ давхар үзүүлдэг болно.

И-Монголиагаар үзүүлдэг үйлчилгээнүүд хэвийн байдлаар үргэлжилнэ. ТҮЦ болон киоск машинуудыг хотын захын дүүргүүд рүү гаргаж, алс хязгаар аймгуудын сумуудаар байршуулах бодлогын өөрчлөлтийг хийх гэж байна. ЦХХХЯ ирэх жилээс төрийн үйлчилгээг зохицуулах газрыг байгуулж, хариуцаж ажиллана. Операторын горимд шилжих гол зорилго бол төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулах явдал юм. Төр үйлчилгээгээ явуулахдаа нэг стандартын дагуу л явуулах хэрэгтэй. Операторын горимд шилжих ажилд бусад яам, төрийн үйлчилгээ явуулж буй бүх агентлагууд нэгдэж ажиллана" хэмээлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.106.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.