2022.10.09. Ням гараг
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри, гэргийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
2022.10.10. Даваа гараг
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл болон эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг хангаж, бодит үр дүнд хүргэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхийн чухлыг харилцан нотоллоо. Талууд 2023 онд тохиох Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд ойн хүрээнд харилцан айлчлал, уулзалтууд, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюритэй Төрийн ордонд уулзлаа. Уулзалтын үеэр талууд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Монгол, Канадын худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц бололцоог бүрэн ашиглах зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй “гуравдагч хөрш” Канад Улстай “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Канад Улсын иргэд Монгол Улсад визгүй зорчдог. Монгол иргэдийг Канад Улсад зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр анхаарч ажиллахыг хүсэв.
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын түншлэл, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж, уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг олон салбарт хөгжих өргөн боломж байгааг дурдлаа.
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар бараалхаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцов.
2022.10.11. Мягмар гараг
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид Оюутолгойн уурхайн цогцолборт ажиллаж, Канадын хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймагт хийгдэж буй төслийн бүтээн байгуулалт, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн айлчлалынхаа хүрээнд говийн малчин айлд зочилж, монгол ахуй, нүүдэлчин соёлтой танилцав.
2022.10.12. Лхагва гараг
Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд МҮХАҮТ-д зочилж, Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр, Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд МҮХАҮТ-ын байранд байгуулагдсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-тэй танилцлаа.
Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид “Чингис хаан” хаад, язгууртны музейд зочилж, Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эхэн үе хүртэлх 2000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн өв соёлтой танилцав. Мөн ноён Жорж Ж.Фюри музейн үзмэрүүдийг үзэж сонирхсоны дараагаар тус музейн "Хүндэтгэлийн дэвтэр"-т сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зурлаа.
-
Өчигдөр 12 цаг 01 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 01 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин