Б.НЯМРАГЧАА: ХЭН НЭГ ГИШҮҮНИЙГ харлуулж, гүтгэхээс илүү ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛИЙГ дэмжих нь чухал байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2 цаг 37 мин

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний ажлын албаны дарга, зөвлөх Б.Нямрагчаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Сайн байна уу, УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлага хийх гэсэн боловч гишүүн томилолттой байгаа юм байна. Танаас товч мэдээлэл авч болох уу?

Сайн. Сайн байна уу, Бололгүй яахав.

Сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Цэнгүүний талаар хэвлэлээр нэлээд сенсаацтай мэдээлэл явж байна. Гишүүн энэ тал дээр яагаад няцаалт, ямар нэг мэдэгдэл хийхгүй байна вэ?

Манай хэвлэлүүд байнга л сенсаацтай байдаг шүү дээ. Харин яг аль нь үнэн, аль нь худал гэвэл өөр хэрэг. С.Цэнгүүн гишүүнийг томилолтоор явахаас өмнө нам жим л байсан. Гэтэл чоно борооноор гэдэг шиг яг эзгүй хойгуур нь элдэв гүтгэлэг тараагдлаа. Энэ бол зохион байгуулалттай хийгддэг хуучирсан технологи. Бид гүтгэлэг, сенсаациар хөгжихгүй. Эрчим хүчний реформын лобби бүлэг байгуулж, 100 гаруй гишүүнийг нэгтгэсэнээр харлуулах асуудал эхэлсэн. Зарим хүмүүсийн эрх ашгийг хөндсөн гэсэн үг. С.Цэнгүүн гишүүн надтай зөвлөлдөөд, хэдийгээр өөрөө байхгүй ч гэсэн надаар дамжуулж няцаалт өгье гэсэн учраас гишүүнийг төлөөж тантай ярилцлага хийж байна.

С.Цэнгүүн гишүүн “Эрчим хүчний реформ” төслийн мэдээлэл, пи-арыг хариуцан 50 орчим тэрбум төгрөгийг тараах гэж байгаа гэх яриа гарч, хэвлэлүүд бичиж байна. Үнэхээр ийм хэмжээний мөнгөн дүнтэй ухуулга, сурталчилгааны ажил хийх хэрэг үү?

Гишүүний зөвлөх, ажлын албаны даргын хувьд, өөрт байгаа мэдээллийнхээ хүрээнд маш тодорхой хариулт хэлье.

Нэгдүгээрт: Тийм мөнгө гишүүний ямар ч данс руу ороогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тийм учраас санаа зоволтгүй гэж хэлмээр байна.

Хоёрдугаарт: Энэ бол эрчим хүчний реформыг сарниулах, хүчгүйдүүлэх санаатай, хорлох үйлдэл гэж харж байна. Тэгэхээр ийм арга ядсан харлуулах ажиллагааг хэн  зохион байгуулж байна вэ гэдэгт л асуудал байгаа юм. Мэдээж хардах эрх бүх хүнд бий. Гэхдээ хардаж, харлуулж байгаад энэ төслийг өмнөхүүдтэй нь ажил нам гацааж болохгүй шүү дээ. Улс орны ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛТОЙ холбоотой чухал асуудал.

Хорлох, гацаах үйлдэл гэлээ. Та хэнийг гэж бодож байна?

Монголын эрх ашигтай холбоотой асуудал яригдангуут эсэргүүцэж, захиалгат хар пи-ар хийдэг нэг хүн байдаг. Бүгд мэддэг болсон доо. Тэр хүн олон тулгуурт гадаад бодлогоос зөвхөн хойд зүгийнхийг онцолж дэмждэг. Намыг хагалан бутаргаж, хооронд нь талцуулдаг. Өмнө нь өөрөө спиртийн хэрэг, вакцины хэрэг, төмөр замын хэрэг, нүүрсний хэрэг гэх мэт дандаа хэдэн их наядаар хэмжигдэх дуулианд нэр холбогдсон хүн байгаа. Би хэвлэл, хүн онцолмооргүй байна. Харин иргэддээ хандаж хэлэхэд, нэг хүн рүү хэт их дайрч байх тохиолдол болгонд ард нь заавал хэн нэгэн эзэн хорлонтой үйл ажиллагаа явуулж байдаг шүү л гэж сануулмаар байна.

Эрчим хүчний рефор хийнэ гэхээр олон нийтэд ЦАХИЛГААН ҮНЭ НЭМНЭ гэж С.Цэнгүүн гишүүнийг хэлсэн мэтээр буруутгаж байгаа. Гишүүн үнэхээр тогны үнэ нэм гэсэн үү. Та түүний зөвлөхийн хувьд ард иргэд тогны үнийг дийлэхгүй гэдгийг зөвлөсөн үү?

Тогны үнэ нэмэх эрх нь Эрчим хүчний зохицуулах хороонд байдаг. Эрчим хүч хүчний реформыг хэрэгжүүлэх эрх нь Засгийн газарт байдаг. УИХ-ын гишүүний хувьд өнөөдөр маргаашгүй тэг зогсолт хийх дээрээ тулсан салбарт яаралтай реформ, шинэтгэл хийх шаардлага байгаа тухай л тэр шүгэл үлээсэн. Үнэхээр эрчим хүч тасалдах дээрээ тулсан.  Тэнд технологийн хоцрогдол, хүний нөөцийн хомсдол, алдагдалтай үйл ажиллагаа байна.

Харин зарим улс төрчид ард иргэдэд таалагдахын тулд, эрх мэдлээ хадгалахын тулд энэ салбарыг мэдсээр байж, санаатайгаар мушгиж байгаа хэрэг. Харин манай гишүүн ямар ч нөхцөлд ухрахгүй, реформыг зогсоож болохгүй гэсэн хатуу байр суурьтай хэвээрээ байгаа.  Ер нь сонирхуулж хэлэхэд Монгол улсын эрх ашгийн эсрэг урд зүгээсээ илүү хойд зүгээс илэрдэг түүхтэй. 1911 оны хувьсгалын удирдагчдын ихэнх нь цэл залуугаараа нас барсан. 1921 оны хувьсгалын удирдагчдын ихэнх нь хойд зүгийн шууд оролцоотой хэлмэгдэж нас барсан. Гэндэн, Амар, Чойбалсан, Бодоо, Данзан гээд олныг нэрлэж болно.

Эгийн голын УЦС яагаад олон жил гацсан юм? Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг яагаад олон жил эсэргүүцсэн юм? ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4 яагаад олон жил шинэчлэгдээгүй юм? Таван толгойн төмөр замын цариг яагаад зөрчихсөн юм? Төмөр замын шороон далан, царигийн асуудлаас болж яагаад 40 гаруй их наядаар Монгол улс хохирсон юм? Гэх мэт том зургаар харвал цаанаа нэг эзэнтэй тэдэнд үйлчилдэг дотоодын хорлон сүйтгэгч нар л ард нь байдаг.

Та хойд хөршийн эрх ашгийг улсынхаа эрх ашгаас илүү хамгаалдаг хүмүүс Монголд олон бий гэж хэлж байгаа юм байна. Тийм үү? Гэтэл УИХГ С.Цэнгүүн энэ том гүрний эрх ашгийг сөрж чадах уу?

Бид бүгд хамтдаа л нэгдэж сөрж чадна. Харлуулдаг, гүтгэдэг талынхан ажилдаа бол гаршсан байгаа. Тэд хамгийн ирээдүйтэй, зоригтой, залуу хүнийг нь барьж авч цахим орчинд дүүжлэх гэж оролдож байгаа, оролдож хэрэгжүүлсээр ч ирсэн. Гэвч нэгэнт 100 гаруй гишүүд реформд нэгдчихсэн. Одоо улс төрчид өөрсдөө тууштай байх нь л хамгийн чухал. С.Цэнгүүн гишүүн ЦС-уудыг хуучруулаагүй, тоног төхөөрөмжийг нь эвдлээгүй,  хүний нөөцийг нь хомсдуулаагүй. Харин яаж дотоодын хэрэглээгээ бүрэн хангах уу? Алдагдлыг нь арилгах уу? Гадаад руу яаж экспорт хийх үү? Үүний тулд эх үүсвэрүүдээ яаж барих уу? Хууль эрхзүйн орчныг нь яаж сайжруулах уу? гэж ажил хэрэгчээр хандаж байгаа.

За ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.