Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийн тухай
Үйл явдал
/
2022-10-18
ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2022 оны 08 дугаар сард Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус байгууллагын хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн. Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд Өргөө амаржих газрын ажилтнуудаас ирсэн гомдлын дагуу Ёс зүйн хяналтын хороо шалгалт хийсэн.


ЭМЯ-аас хяналт, шинжилгээ, үнэлгээгээр илэрсэн зөрчлийг арилгах зөвлөмжийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Нэг сарын дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зөвлөмжийн хэрэгжилтийг эргэж шалгахад зөвлөмжийн биелэлт хангалтгүй байсан. Тухайлбал, зөвлөх зэрэггүй эмч нарыг “Зөвлөх эмч”-ээр тогтмол цалинжуулж, 2022 оны хагас жилийн байдлаар 16,440,000 төгрөгийн цалин олгосон. Байгууллагын хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаа алдагдаж, ажилтныг сонгон шалгаруулах журмын хэрэгжилт хангалтгүй, шилжилт хөдөлгөөн их буюу 2021, 2022 оны эхний хагас жилд нийт 138 ажилтан чөлөөлөгдсөнөөс 60 орчим хувь нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, тэр дундаа удирдлагын баг болон нэн чухал зарим төрөлжсөн мэргэшлийн эмч, мэргэжилтнүүдийн шилжилт хөдөлгөөн 30 хувиас их байна. Энэ нь байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдэлийг бий болгосон. 

Бас нэг илэрсэн ноцтой зөрчил бол Эрүүл мэндийн сайдын баталсан байгууллагын бүтэц, дүрмийг дур мэдэн өөрчлөн баталж, санхүү, дотоод хяналтын үйл ажиллагааг өөрийн шууд удирдлага дор байгуулж, өөрийн удирдлага байх ёстой нэгжийг бусад дэд захирлын чиг үүрэгт шилжүүлсэн нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, хүлээх хариуцлагын тогтолцоог алдагдуулах, санхүүгийн ил тод байдал алдагдах, цаашлаад ашиг сонирхлын зөрчил үүсэх бодит эрсдэлийг бий болгож байна. Шилэн дансны мэдээллийг цаг тухайд нь байршуулахгүй байгаа нь үүний нэг нотолгоо.
Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний  ёс зүйн хорооны шалгалтаар албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхах, удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөх гэх мэт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн нийт 14 заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.

Эдгээр зөрчил нь Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль, Шилэн дансны тухай хууль, тогтоомж, Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүрэм, бүтцийг батлах тухай А/144 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ж.Эрдэнэцэцэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасныг зөрчиж байгаа юм.

Иймээс ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газраас тус байгууллагын хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны шалгалтаар илэрсэн дээрх зөрчлийн шинж байдал, үр дагаврыг харгалзан Эрүүл мэндийн сайдын “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. 

Эрүүл мэндийн яам цаашид ч бусад эмнэлэг дээр үүссэн асуудлыг илрүүлэх, хариуцлага тооцоход хамтран ажиллахад бэлэн. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.77.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.