Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний чиглэлийн ажлууд ахицтай явна
Үйл явдал
/
2022-10-18
Үйлдвэрийн хэмжээнд эрчим хүчний чиглэлээр хийж буй томоохон  ажил, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний төлөвлөгөөний биелэлт хэрхэн явж буй  талаар  Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболдоос тодрууллаа. 

-Эрчим хүчний чиглэлээр  хийж  буй томоохон  ажлын талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ онд  эрчим хүчний чиглэлийн томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтад орлоо. Үүний нэг нь  Цэвэр ус хангамжийн 3-р шугам. Энэ шугамын ажил амжилттай дуусаж, 6-р сард Улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулсан. Гуравдугаар шугам ашиглалтад орсноор ус дамжуулах найдвартай ажиллагаа эрс сайжирч байна. Эрдэнэт хотын иргэд болон Эрдэнэт үйлдвэрийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад  чухал ач холбогдолтой төсөл юм.

Түүнчлэн, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн төсөл энэ онд амжилттай хэрэгжсэн. Энэ  хүрээнд  110/6 кВт-ын  шинэ дэд станц барьж ашиглалтад оруулж байгаа. Эрчим хүчний тухай хууль, холбогдох дүрмийн дагуу цахилгааны байгууламжийг ашиглалтад хүлээн авахад  Эрчим хүчний яамнаас комисс ажилладаг журамтай.  Өнгөрсөн  7 хоногт дэд станц дээр Эрчим хүчний сайдын тушаалаар томилогдсон Улсын комисс ажиллалаа.  

Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажлуудыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрээс цахилгаан хангамжийн бичиг баримтын бүрдүүлэлтийн ажлыг манай хэлтэс хариуцан ажиллаж байна. Үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн ТЭЗҮ боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж, тавдугаар сард батлуулсан. Түүнчлэн “Диспетчерийн үндэсний төв”-өөр горимын тооцоо хийлгэж, Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл авах хүсэлтээ гаргасан. 

Өнгөрсөн 7 хоногт Эрчим хүчний яам манай техникийн нөхцөлийг олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор бичиг баримт  боловсруулалтын шатанд явна. Дараагийн шатанд Эрчим хүчний яамнаас зургийн даалгавар авах ёстой. Зургийн даалгавар гарсны дараа тухайн цахилгаан хангамжийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын тендер шалгаруулалт явагдана. Зургийн ажлыг ондоо багтааж хийлгэх төлөвлөгөөтэй байна. Техникийн нөхцөл болон зургийн даалгавартай холбоотой ажлын хэсгийн гишүүд буюу яамнаас томилогдсон мэргэжилтнүүд өнгөрсөн 7 хоногт Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. 

-Өргөтгөл ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж буйтай холбоотой эрчим хүчний зардал ч мөн өсөх байх? 

-Хүдэр боловсруулалтын хэмжээг дагаж эрчим хүчний зардал өөрчлөгдөнө. Энэ жил  33,5 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй. Ирэх жил 36,7 сая тонн хүдэр боловсруулах урьдчилсан төлөвлөлттэй байгаа. Тэгэхлээр эрчим хүчний зардал мөн  тодорхой хэмжээгээр өснө. Засгийн газраас цар тахал гарсантай   холбоотойгоор  эрчим хүчний үнэ тарифыг 2020-2022 онд нэмж болохгүй гэсэн чиглэл өгсөн. 2023 он гарангуут цахилгаан эрчим хүчний үнэ 28-30 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Ингэхээр манай эрчим хүчний зардал ч өснө гэж ойлгож болно. 

-Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний төлөвлөгөө хэрхэн биелж байна вэ?

-Эрчим хүчний төлөвлөгөөт үзүүлэлтүүд амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, оны эхний есөн сард 254,5 сая квт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төлөвлөгөө 104,4 хувийн биелэлттэй байна.  Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал үүсэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Диспетчерийн үндэсний төвөөс манайд илүү үйлдвэрлэлтэй явах чиглэл өгсөн. Оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэл ч нэлээн өндөр дүнтэй гарах байх.  Цахилгаан эрчим хүчний болон усны хэрэглээ төлөвлөгөөний дагуу явж байна. Тухайлбал, оны эхний 9 сарын байдлаар усны хэрэглээ  95 хувь, цахилгаан эрчим хүч 98,5 хувьтай явна. Хэрэглээг төлөвлөсөн дүн дотроо барьж явах ёстой. Бид эрчим хүчний хэрэглээг оновчтой төлөвлөж,  гүйцэтгэлдээ нарийн хяналттай ажилладаг. Нийтэд нь дүгнэж хэлэхэд Эрчим хүчний чиглэлийн ажлууд сайн явж байна гэж үзэж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.