С.Бямбацогт сайд Германд очиж LRT, цахилгаан автобусанд сууж үзээд СОЁЛЫГ ГАЙХЖЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны бүгд найрамдах Герман улсын Ерөнхий сайдын урилгаар албан айлчлал хийж байгаа. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар багтсан бөгөөд төрийн ёслолын үеэр гар утаасаараа зураг дарж байгаа нь олны шүүмжлэлд өртөөд буй юм. Явсан нохой яс зууна гэж монгол ардын үг бий. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Зам тээврийн сайд С.Бямбацогт Германы нийтийн тээврийн салбарын хөгжлийг гайхахын зэрэгцээ “юм үзэж нүд тайлаад” иржээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа

“Берлин хотын нийтийн тээврээр зорчиж туршлага судаллаа. 8.8 еврогоор 24 цагийн дотор Берлин хотын хаашаагаа ч бүх тээврийн хэрэгслээр зорчих тасалбар авч газар доогуур болон дээгүүрх метро, LRT, цахилгаан болон ердийн автобусаар аялж үзлээ. Нийтийн тээврээр билeтгүй явбал 60 eврогоор торгодог, харин 3 удаа торгуулбал шууд эрүүгийн хариуцлага үүсдэг чанга зохицуулалттай аж.

Автобус ажлын өдрүүдэд 5 минутын зайтай, амралтын өдрүүдэд 20 минутын зайтай явдаг, авто замын хөдөлгөөнд НИЙТИЙН ТЭЭВЭР, ДУГУЙ 2 ДАВУУ ЭРХТЭЙ оролцдог юм байна. Авто замын төлбөр хураамж, торгуулиас орж буй бүх орлогыг шууд НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛД зарцуулагддаг системтэй тул нийтийн тээвэр үнэхээр сайн хөгжжээ.

Бас нэг сайн туршлага бол зам барихдаа автомашины зам, явган хүний зам, дугуйн замыг цогцоор нь шийдэж байна. Мөн Герман улс даяар дугуйн зам барих бүх нийтийн төслийн уралдааныг зарлаж хотуудыг хооронд нь өрсөлдүүлж улсын төсвөөс хөрөнгө гаргаснаас бүх хотууд бүгд дугуйн замтай болсон байна.

Берлин хот 3.4 сая хүн амтай, 1.2 сая машинтай жилд дунджаар 45-52 цагийг замд түгжрэн өнгөрөөдөг гэсэн судалгаа байгаа бол харин манайх зарим өдрүүдэд тэг зогсолт хийж жилд дунджааp 600 цаг орчим түгжирсээр.

Бас нэг сайн туршлагыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Нийтийн тээвэрт хүн бүр хэрхэн аюулгүй ажиллагаагаа хангаж оролцох, соёлтой үйлчлүүлэх талаар багаас нь төлөвшүүлж, иргэн өөрөө аюулгүй байдлаа хангах суурийг маш сайн тавьж өгдөг байна.  Тухайлбал хүүхдүүдэд цэцэрлэгт байхад нь л  явган зорчигчийн талаар зааж сурган суурийг нь зөв өгч цаашилбал нийтийн тээврээр хэрхэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж зорчих, явганаар, дугуйгаар, скүтер, авто машинаар хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар иргэдээ байнга чадваржуулдаг байна. Нийтийн тээврийн шинэчлэл, либералчлал үнэхээр түгжрэлийг шийдэх гарц бололтой

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.87.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.