М.ТҮВШИНХҮҮ: Буриадын эрдмийн театрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ шедевер бүтээлүүдээ толилуулна
Үйл явдал
/
2022-10-19
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хоц.Намсрайевийн нэрэмжит Буриадын Эрдмийн драмын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ 45 жилийн дараа Монгол Улсад тоглолтоо хийх гэж байна. 

Тоглолтын Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү ажиллаж байна.  Тэрбээр хамгийн сүүлд Ардын хувьсгалын 100 жил, Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн  Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” жүжгийн  Гүр хаан Жамухад тоглоод, ийнхүү дараагийн ажилдаа оржээ.

Ингээд түүнээс цөөн асуулт, товч хариулт эрэлхийллээ. 

-Муу дүрээрээ олонд танигдсан болоод ч тэрүү танаас хүмүүс их дөлдөг юм шиг санагддаг?

-Үнэн. Залуу насандаа элдэв хэл аманд өртөж явсан нь ч нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. 

-Хэр олон эерэг дүрд тоглож байв?

-Гарын таван хуруунд багтахаар цөөн байдаг.

-Жүжигчид “Би тэр дүрдээ хайртай. Миний амьдралтай ойр” зэргээр ярьдаг. Таны хувьд?

-Аль нэг дүрд дуртай гэсэн ойлголт байхгүй. Тоглох бүх дүрдээ дурлаж, хайртай дүрээ болгодог. Яахав энэ дүрд л тоглох байсан юм гэх цагаан бодол төрж байсныг нуухгүй.  Над шиг бие томтой хүн “Гамлет”, “Ромео”-д тоглохгүй шүү дээ. Гэхдээ хаа очиж Монголын театрт ажиллахдаа өөрийнхөө хэмжээнд олон гол дүрд ажилласан. 

Үнэхээр болчих юмсан гэж бодож байсан дүр “Хаадын хаан” жүжгийн Жамухын дүр. Азаар надад өгсөн.

700

- Цаашдын тань урлагийн амбиц, зорилго, төлөвлөгөөтэй танилцаж болох уу?

- Кино хийх гэдэг ч юм уу тийм талын бодол байдаггүй. Тайзандаа илүү хайртай. Тэр ч утгаараа Драмын театрт 22 жил ажилласан. Тэгэхээр театрын тайзны бүтээлийг цаашдаа хөгжүүлэхийг бодож явдаг. 

Одоогоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагчаар ажиллаж байна. Найруулагчаар ажиллаад зургаан жил болж байна уу даа. Бие дааж хийсэн уран бүтээл цөөн. Тухайлбал, “Торгон цэргүүд”, МҮОНРТ-ийн  найруулагч Г.Энхтөр ахтай хамтарсан “Сэтгэл мэднэ” зэрэг кинон дээр ажилласан. Хэд хэдэн тайзны жүжигт Ерөнхий найруулагчаар ажиллалаа. Түүнчлэн, “Их хүрээ” компаниа өргөжүүлж тайзны бүтээлүүд болоод дэлгэцийн сошиал контентуудыг хийх ажилд идэвхийлж байна.

Миний эцэг, эх хоёул цэргийн хүмүүс байдаг. Тэр утгаараа цэрэг, эх орны сэдэвтэй контент бүтээх илүү сонирхолтой.

Драмын театрт ч тэр ганцхан цэргийн албаны уран бүтээлч байсан нь би. Багаасаа л цэргийн амьдралаар амьдарч явсан маань өнөөгийн ажилд нөлөөлдөг байх. 

-Танд театрын юу нь сайхан санагддаг вэ?

-Тайзан дээрээс үзэгчдэд хүргэх тэр энерги, мэдрэмж л хамгийн сайхан. Алга ташилт, амьд харилцаанаас өөр гоё зүйл байхгүй.

700

-Ер нь Монголын театрын хөгжил аль хэртээ яваа юм бол оо?

-Азууд дундаа нэгдүгээрт яваа. Яахав бусад орнуудад уламжлал, арга барил, түүхээрээ театрын бүтээл тодорхой түвшинд хийгдээд л байгаа. Гэхдээ манайх давамгай. Учир нь театрын хөгжил маань бидний хэлж заншсанаар Орос школтой.

Онолын талаасаа манайх бол хуучин театр. Үүнийг хоцрогдсон гэж ойлгож болохгүй. Харин уламжлалаа авч үлдсэн театр юм.

-Тэгвэл юу нь явахгүй байна?

-Уран бүтээлчид хэт их амбиц хөөгөөд байна. Ингээд ирэхээр л болдоггүй. Жүжигчин, найруулагч хэн ч байсан театраар дамжиж гармагцаа БИ гээд эхэлдэг.  Энэ бүхэн театрын хөгжилд нөлөөлдөг. 

-Таныхаар уран бүтээлчид амбицлахгүйгээр тогоон дотроо л байх ёстой гэсэн үг үү?

-Тийм биш. Ерөөсөө зүрх сэтгэлээ л өгөх ёстой. Амбицыг хүн өөр арга замаар хийж болно. Уран бүтээлч хүн гэдэг түүхэнд бичигдэж, яригдаж үлддэг. Тэгэхээр зөв амбицлах ёстой.

-Театр, урлаг танд яг юу өгөв?

-Эдийн засгийн хувьд хожсон зүйл байхгүй. Харин сэтгэл ханамжийг надад өгсөн.

Онцолж хэлэхэд, жүжигчин гэдэг нэршилд би дургүй. Үг нь өөрөө хүн бүрийн аманд багтдаг.

Харин уран бүтээлч хүн гэвэл арай өөр. Сошиалд лайв хийж байгаа хүн чиг л “энэ их жүжиглэж байна аа” , “жүжигчин гар вэ” л гэх юм. Муу юманд энэ үг олонтаа зүйрлэгддэг гэх юм уу даа. 

-Салбарын шинэ залуу боловсон хүчнүүдийнхээ талаар юу хэлэх вэ. Чангарч, чадваржиж чадаж байна уу. Эсхүл бүр хомсдолд орсон уу?

-Муу, явахаа болчихож гэлцдэг. Үгүй. Бид өөрсдөө ямар байснаа санах л хэрэгтэй. Аливаа юм жам, гольдролоороо л явна. Уран бүтээлч хүн яван чангардаг.  Түүнээс биш сургуулиа төгсөөд л нэг жүжигт тоглож “од” болдог юм байхгүй.  “Од” гэдэг үг өөрөө шинэ залуу жүжигчдийг их төөрөгдүүлдэг. Олны танил хүн болно гэдэг маань арай өөр ойлголт. 

Би тайзнаас буугаад, театраас гараад алхахад өрх гэрийн тэргүүн шүү дээ.  Яг л үүнтэй адил тайзан дээрээ л гялалзахыг амьдрал дээр “од” гэж ташаа ойлгох нь элбэг. 

-Театр танд хэзээ хамгийн хүнд, хэцүү мэдрэмжийг төрүүлж байв?

-Тоглолт, хагацал давхацсан цаг үе. Хамгийн сүүлд  “Хаадын хаан”  жүжигт тоглож байхад  буюу тоглолтын нээлт болохоос дөрөвхөн хоногийн өмнө дотны найз маань өөд болсон. Тоглолт бүр дээр Чингис хааныг найзыгаа гэж харж, мэдэрч, төсөөлөөд байсан маань надад хамгийн хүнд байсан. Тайзан дээр хагацал харууслаа давах тэмцэл л хамгийн хэцүү. 

Бусдаараа сошиал коммент, сөрөг хандлага зэргийг тоодоггүй. Ер нь жүжигчний амьдрал тийм хэцүү биш. Мэдээж шантрах, ажлын ачаалал зэргийн зүйл байх шүү дээ. 

-Жүжигчинд  level ахих гэдэг зүйл байх уу. Жүжигчнээс найруулагч болохоор дэвшиж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм зүйл байхгүй. Ардын жүжигчин Цэрэндагва, Сувд гуайг л харчих. Тэд level ахисан гээд театрын тайзан дээр тоглохгүй гээд яваагүй. Жүжигчин, уран бүтээлч хүн уран бүтээлээ л хийх ёстой. Найруулагч, жүжигчний  талаар ганц зүйл хэлчих үү?.

-За

-Найруулагч бурхан биш. Түрүүлж сэтгэдэг ухаантан биш. Нөгөө талаараа жүжигчин гэхээр “нохой” биш. Цэрэг, утсан хүүхэлдэй ч биш. Бүгд л адилхан хүн. Гэхдээ найруулагч тайзан дээрх бүх процессийг бодож, боловсруулж, базаж чадсан байх ёстой.Монголын театр бол жүжигчний театр шүү. Одоо л найруулагчийн театр болчих гээд байгаагаас

700

-Сониноос одоо та Буриад Эрдмийн театрын тоглолтод найруулагчаар ажиллаж байгаа гэсэн үү?

-Буриадын Эрдмийн театрын Монгол Улс дахь аялан тоглолтод тус театрын шедевер бүтээлүүд болох долоон төрлийн жүжиг тавигдана. 

Маршал Х.Чойлбалсангийн урилгаар анх 45 жилийн өмнө бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байсан байдаг. 
Тус театрын уран бүтээлчид энэ  удаагийн тоглолтын зохион байгуулалт, бэлтгэл ажилдаа жил гаруйн өмнөөс орж ийнхүү  арвадугаар сарын 17-20-ны хооронд толилуулах гэж байна

Манай театрын түүхэнд алтан үеийнхнээс хэд хэдэн хүн Буриадын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин цолтой. Өөрөөр хэлбэл, ийм эртний үеэс холбогдсон нөхөрлөлийн харилцаатай театрынхан маань Монголд ирж тоглолтоо хийх гэж байгаад талархаж байна.  

Ерөнхийдөө дэлхийд ганцхан Буриад хэлтэй театр шүү дээ. Тэд өөрсдийн өв уламжлалаа авч үлдэхийн тулд нөгөөтэйгүүр харилцан туршлага солилцох үүднээс ах, дүү болсон Монгол Улсдаа айлчлан тоглолтоо хийх гэж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Тавигдах жүжгүүдийн хувьд бодит амьдрал, болсон явдлаас сэдэвлэсэн шилдэг бүтээлүүд бий.  Танхим дүүрэн үзэгчид байна гэдэг л Буриадын уран бүтээлчдэд бахархал, хүндэтгэл, амин дэм шүү дээ. Тиймээс урлагт хайртай, уран  бүтээлээс эрч хүч авдаг үзэгчдэдээ тоглолтод хүрэлцэн ирэхийг уриалж байна.

Бид Монголын Буриадын төв холбоотой хамтарч байгаа. Мөн манай УДЭТ-аас ажлын хэсэг гараад тоглолтын зохион байгуулалтыг хийгээд явж байна.

Тавигдах жүжгүүд:

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.173.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.