Монгол төрийг удирдсан үе үеийн түшээдийг мөнхөлсөн "ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД" ном нээлтээ хийлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-20

Хэвлэл мэдээллийн салбарт сонин, сайт, сэтгүүл, видео контентыг бэлтгэн өөрийн гэсэн шинэ жишиг тогтоосон улстөр, нийгмийн төрөлжсөн мэдээллийн “УЛСТӨРЧ АГЕНТЛАГ” ХХК-ийн хоёр дахь төсөл “ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД” ном нээлтээ хийлээ. Тус номд Монгол улсын тусгаар тогтнолыг батжуулах, хойч үедээ залгамжлан үлдээх, ардчилсан парламентын тогтолцоог бэхжүүлэхэд өөрийн оюун санаа, төрийн бодлого шийдвэрийг хослуулсан “ШИЛДЭГ 100 ТӨРИЙН ТҮШЭЭ”-ийн намтарчилсан хөрөг багтсан юм.

Ардын хувьсгалын 100, 101, ардчилсан парламентын тогтолцоо бүрэлдэн тогтсоны 30 жилийн ойн хүрээнд “УЛСТӨРЧ АГЕНТЛАГ” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрхлэн гаргасан хоёр дахь төсөл, хэвлэмэл ном юм. Уг номыг бүтээх санааг “УЛСТӨРЧ АГЕНТЛАГ” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Ганзориг гаргаж номын редакцийн баг сүүлийн гурван жилийн хугацаанд эмхлэн бэлтгэж, өнөөдөр албан ёсоор нээж, худалдаанд гаргалаа. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат зүтгэлтэн А.Тлейхан, УИХ, Засгийн газрын гишүүн асан, Монгол улсын гавьяат багш Д.Оюунхорол, УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Цогзолмаа тэргүүтэй улстөрчид, “Төрд зүтгэсэн эрхмүүд” номын редакцийн баг хамт олон, иргэд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Номын редакцийн зөвлөлд МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэл, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, тоймч, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Ууганбаяр, Ч.Үл-Олдох, сэтгүүлч Ж.Бямбасайхан, ахмад сэтгүүлч С.Наранбилэг, сэтгүүлч С.Мөнхжаргал, Улстөрч.мн сайтын эрхлэгч З.Батхуяг нар ажилласан байна.

Номын нээлтийн үеэр уг төслийг санаачлагч “УЛСТӨРЧ АГЕНТЛАГ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Ганзориг нээлтийн үеэр “Энэ ном бол Монголын хэвлэл мэдээллийн салбарт сүүлийн 20 жилд гаргаагүй шинэ төсөл. Түүнчлэн улстөрөөр бичдэг сэтгүүлчид, судлаачид, шинэ залуу улстөрчдөд гарын авлага, судалгаа шинжилгээний том бүтээл болсон. Хоёр зууныг дамнан МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ баталгаажуулж, Ардчилсан нийгмийн 30 гаруй жилийн алдаа оноо, ололт амжилтыг бичилцсэн шилдэг 100 төрийн түшээг алдаршуулж, номын хуудсанд түүх болгон дурсаж байгаа юм. Энэхүү номыг бүтээхэд чин сэтгэлээ зориулсан редакцийн зөвлөл, баг хамт олондоо баярлалаа” хэмээн тодотголоо. 

тус номын Ерөнхий рекдактор Л.Батцэнгэл “Энэ бол маш арвин, нэн сонирхолтой, хувь улстөрчдийг тодорхойлсон, тэдний хийсэн гавьяаг алдаршуулсанаараа онцлог бүтээл болсон. Улстөрчдийг зөвхөн телевизээр харах бус “ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД” номоос уншиж хэн нь юу хийж үлдээсэн бэ” гэдгийг тодорхой харж болох юм. Энэ бол түүхэн ном мөн. Тус номонд багтсан эрхмүүдийн хөргийг унших бүрд ямар энгийн атлаа ард түмэн, эх орныхоо төлөө ямар хүчин зүтгэл гаргасныг шууд мэдэж болох юм. Редакцийн зөвлөлийн гишүүддээ баярлалаа. Эрхэм уншигч та бүхэн номоо уншаад нэгийг тунгаана биз ээ” гэлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.