Үйлчид сайн үйлсийн аян өрнүүлэв
Үйл явдал
/
2022-10-20

 Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын 91 жилийн ойг тохиолдуулан Оёдлын цехийн хамт олон сайн үйлсийн аян зохион байгууллаа. Хүнлэг, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээх зорилгоор олон ажил өрнүүлэв. Хэсэг бүрийн ажилчид энэхүү аянд идэвхтэй оролцжээ. 

Зөөлөн оёдлын хэсгийнхэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн хамт олонд бөөрөлзгөнө жимсний 30 суулгац бэлэглэжээ. Энэ санаачилгыг оёдолчин О.Энхчимэг гаргасан байна. Мөн тус хэсгийн 38 оёдолчин 60 дэр урлаж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасагт хүлээлгэн өглөө

Баяжмалын уут оёх нэгдүгээр хэсгийн хамт олон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн өрөөнүүдэд хүүхэд хооллох зориулалттай тавцан сандал 10-ыг, мөн эмчид үзүүлэхээр ирсэн хүүхдүүдэд зориулан  урмын үгтэй, өнгө өнгийн  карт бэлтгэж өгөв. Энэ нь эмнэлэгт дараалал үүсэхээс сэргийлсэн, хүүхэд багачуудын сонирхлыг татсан шинэлэг ажил болов. 

700

Баяжмалын уут оёх хоёрдугаар хэсгийнхэн “Ном бэлэглэе” уриан дор төвөөс алслагдсан Говил багийн 2-р сургуулийн багачуудыг зорьж, ном сурах бичиг, хүүхдийн уран зохиолын номоо бэлэглэжээ. Ном, амттан бэлгэнд авсан багачууд баяр хөөртэй байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг хөгжүүлэх “Найдвар” төвд гал тогооны хэрэгсэл, ахуйн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг өөрсдөө урласан энгэрэвчийн хамт хандивлав. Тус хэсгийнхэн Ерөнхий боловсролын 20-р сургуулийн шатар даамны танхимыг тохижуулж багачуудыг өөрсдийн хийсэн  амтат бялуугаар дайлсан юм. 

700

Мөн Захиргаа аж ахуйн хэсгийнхэн “Найдвар” төвд цэвэрлэгээ үйлчилгээний материал хадгалах зориулалттай шүүгээ, багачуудын хүнсэнд зориулан сүү хандивлажээ. 
Ийнхүү Оёдлын цехийн хамт олон мэргэжлийн баяраараа “Сайн үйлсийн аян”-д  нэгдэж, нийгэмд чиглэсэн буянтай үйлс бүтээлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.152.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.