Ө.Сумъяабаатар: Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай
Үйл явдал
/
2022-10-22
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.10.18/ боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэл болон дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа.

Сургууль, цэцэрлэгийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийж байна

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Н.Ариунтөгс дүүргийн хэмжээнд зам тээврийн осол гэмтэл, нөхцөл байдал болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдүүдэд болон эцэг эхчүүдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль орчимд эрсдэлийн үнэлгээ хийж Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Одоо цэцэрлэгийн орчимд эрсдэлийн үнэлгээ хийнэ. Мөн “Явган хүний гарц” хэсэгчилсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа тул боловсролын байгууллагууд, хороод хамтран ажиллах шаардлагатай байна гэв. Энэ үеэр дүүргийн Засаг дарга сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, түүнээс бол явган зорчигч, хүүхэд осолд өртөж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай. Мөн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс хамтран Замын цагдаагийн хэлтэс дээр очиж ажиллах, ингэхдээ  дүүргийн хэмжээнд хяналтын камерын асалт ямар байгаатай танилцаж шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаарай. Мөн дүүргийн хэмжээнд осол их гардаг газруудын судалгааг гаргах, тухайн орчинд камер байхгүй бол яаралтай асуудлыг шийдвэрлэе. Дүүргийн зүгээс дэмжиж ажиллана. Түүнчлэн удахгүй хүйтэрч халтиргаа гулгаа эхлэх тул осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмээг мөн л дүүргийн хэмжээнд зохион байгуулах шаардлагатай гэсэн юм.

Татвар бүрдүүлэх ажлын хүрээнд худалдаа эрхлэгчдэд QR наалт олгоно   

 

Есдүгээр сарын орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр Татвар болон Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн Татварын хэлтсээс Татвар бүрдүүлэхэд анхаарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд дээрх ажлын хүрээнд QR коджуулалтыг шалгах ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, Барс-1 захад худалдаа эрхэлдэг нийт 368 түрээслэгчийн цахим төлбөрийн баримтжуулалтыг 100 хувь хийж, QR наалт олгожээ. Мөн Gem Palace худалдааны төвийн түрээслэгчдийн цахим төлбөрийн баримтжуулах ажлыг эхлүүлсэн байна.  

БГД-т цэрэг татлага 96 дугаар сургууль дээр зохион байгуулагдана

Шуурхай зөвлөгөөний үеэр Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр 2022 оны II ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байгаатай холбоотойгоор дүүргийн удирдлагууд болон хороодын Засаг дарга нарт мэдээлэл өгсөн.

Тэрбээр, “Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Баянгол дүүргийн хувьд цэрэг татлага 96 дугаар сургууль зохион байгуулагдах тул хамтран ажиллах байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатай” гэдгийг онцоллоо.  

 

 

Мөн хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох бөгөөд Цэрэгт татлагын байранд ирэхдээ

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм байна.

Томуугийн дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор нэмэлтээр ор дэлгэнэ 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн. Гэвч эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн идэвх муу байгаа аж. Иймд хороодын Засаг дарга болон ӨЭМТ-үүд мөн боловсролын байгууллагууд Эрүүл мэндийн төвтэй хамтарч иргэдийг эрт илрүүлэх үзлэгт идэвхтэй хамруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар онцоллоо.

 

Түүнчлэн 9 дүгээр сарын сүүлчээс эхэлж томуугийн дэгдэлт нэмэгдсэн. Иймд эмнэлгийн коридорт хүүхэд авахгүй байх тал дээр анхаарч бүх зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангаж байгаа. Үндсэн ортойгоо нийлээд 300 ор дэлгэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн дүүргийн хэмжээнд томуугийн эсрэг вакциныг хийж эхэлсэн бөгөөд ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хүүхдүүдэд хийж байна гэв.  

Гэр хороололд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажиллана

Зөвлөгөөний үеэр гэр хорооллын хороод болох 9, 10, 11, 16, 21, 22, 23 хорооны Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд хорооддоо тулгамдаж байгаа асуудлыг танилцуулсан. Гэр хорооллын хороодын хувьд хэд хэдэн хороонд сайжруулсан түлшний цэг нэмж байгуулах шаардлагатай байгаа бөгөөд хороодын Засаг дарга нар энэ тухай хүсэлтэй холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Мөн зарим хорооны гэрэлтүүлэг сайн байгаа бол заримд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Түүнчлэн гэр хорооллын замууд өгсүүр, цас орсон үед халтиргаа гулгаа үүсдэг гэж байсан юм. Мөн гэр хорооллын шороон замыг тэгшилж хусах ажил хийгдэж байгаа ч зарим нэг шалтгаанаас болж ажил удааширсан гэдгийг онцолсон. Иймд дүүргийн Засаг дарга гэр хороололд зам хусах ажил удааширч байгаатай холбоотойгоор Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга гүйцэтгэгч компанийнхантай уулзаж шалтгаан нөхцөлийг тодруулах, гэр хорооллын өгсүүр зам дээр давс, элсний сав байршуулж нөөц бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд хороодын Засаг дарга нар “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т эртнээс хүсэлтээ өгч хамтран ажиллаарай гэсэн юм. Мөн хороодын Засаг дарга нарыг цас орж хүйтрэхээс өмнө хороондоо хийгдсэн бүтээн байгуулалтын үеэр үүссэн хог хаягдлын мэдээллийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т өгч ачуулах, дүүргийн хэмжээнд намрын хог цэвэрлэгээний ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай байна гэсэн.

Иргэдийн спортын Х наадмын дүүргийн шатны тэмцээнд хороод идэвхтэй оролцож байна

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн Иргэдийн спортын Х наадмын дүүргийн шатны тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн спортын Х наадам энэ сарын 8-аас эхэлсэн бөгөөд спортын найман төрлөөр зохиогдохоос өнөөдрийн байдлаар сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт зэрэг 4 төрлөөр тэмцээн зохиож аваргуудаа тодруулсан гэж дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Батбаяр мэдээллээ. Мөн тэрбээр хороод энэхүү наадамд бэлтгэлээ маш сайн хангаж, идэвхтэй оролцож байна. Тэмцээнд шалгарсан хороод дүүргээ төлөөлж нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах тэмцээнд оролцоно гэсэн юм.

 

Мөн өмнөх шуурхай хуралдаан дээр дүүргийн Засаг дарга гэр хорооллын хүүхдүүдийг усан спортоор хичээллүүлж, бие бялдрын хөгжлийг дэмжих ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд эхний ээлжид гэр хорооллын 35 хүүхдийг сургахаар болсон байна. Ингэхдээ дүүргийн ГБХЗХХ,  “Дэлхийн зөн Монгол” ОУБ хамтран дээрх хүүхдүүдийг усны хувцас, хэрэглэлээр хангахаар болсон аж.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дүүргийн хэмжээнд өрнүүлэх учраас дүүргийн ЗДТГ, үндсэн харьяа хэлтсүүд болон 25 хороод дэмжиж хамтарч ажиллаарай гэв.   

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 2,2 км ойн зурвас байгууллаа

Намрын бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд дүүрэгт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов мэдээлэл өглөө.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр дөрвөн чиглэлд ажиллаж байгаа. Үүнд,  

  • Дүүргийн ЕБС, СӨХ-дтой хамтран ногоон байгууламж нэмэгдүүлэх
  • Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг ААНБ-тай хамтран үе шаттайгаар нэмэгдүүлэх
  • “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын 50 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэх
  • Гэр хорооллын ногоон байгууламжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх ажлыг хийж байна гэв.

 

Түүнчлэн энэ онд дүүргийн хэмжээнд улсын 57 сургууль, цэцэрлэгийн гадна ногоон байгууламжийг нэмэгдүүлэх боломжит талбайн судалгааг хийснээс гадна дээрх судалгаагаа түшиглэн дүүргийн 32 сургууль, цэцэрлэгийн гадна талбайд 9256 ширхэг мод тарьж, ногоон байгууламж нэмэгдүүлсэн. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр 10 байршилд судалгаа хийснээс Раднаабазарын гудамж, Замчдын гудамж, Жамсрайн гудамж, Тээвэрчдийн гудамж зэрэг дөрвөн байршилд ногоон байгууламж нэмэгдүүлж ажилласан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны хавар намрын бүх нийтээр мод тарих өдрүүдээр төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгж иргэдийн дэмжлэгтэйгээр 9000 мод тарьж, 2,2 км газарт ойн зурвас байгуулсан. Мөн гэр хороололд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын бүх хороо тус бүрээс 50 өрх хамруулан мод тарих анхан шатны сургалтыг практикаар олгохоор төлөвлөсөн байгаа гэв.      

 

Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа тохижилтын ажлуудаа дуусгах, гэрээ байгуулсан газруудтайгаа уулзалт зохион байгуулж гүйцэтгэл дутуу хийгдсэн ажлуудаа дуусгах, шинээр байгуулагдсан хороодын байрны асуудлыг яаралтай шийдвэрлэх өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дутуу хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудаа яралтай дуусгах шаардлагатай байгааг онцлоод дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.22.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.