Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.ганбаатар өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа
Үйл явдал
/
2022-10-25
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва тэргүүтэй яамны төлөөлөл өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, Гашуун сухайтын хилийн боомтын үйл ажиллагаа, чингэлэгт терминалын бүтээн байгуулалт, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын явц, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн авто зам, параллель замын бүтээн байгуулалт, Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын үйл ажиллагаа болон Оюу толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэр, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Томилолтын эхний өдөр сайд Ж.Ганбаатар Гашуун сухайтын хилийн боомтын нөхцөл байдал, нүүрс экспортын AGV жолоочгүй тээвэр, Цагаан хад дахь нүүрс буулгах, ачих талбайн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзсан. Хилийн ногоон бүс дэх төрийн байгууллагуудын ажлын байдал, алба хаагчдын ажиллах нөхцөлийн талаар хүндрэл бэрхшээл, асуудлуудыг сонсож, хэдий шууд харьяалах яам биш ч холбогдох салбарын яамдтай хамтран боомтын үйл ажиллагаа, нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын явц, горим болон баяжуулах үйлдвэртэй танилцаж, Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал ​Дэйрдрэ Лингенфэлдер, Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.

Томилолтын хоёр дахь өдөр Тавантолгойн бүлэг ордод ажилласан. Энэ хүрээнд Эрдэнэс тавантолгой ХК-ийн удирдлага, ажилтнуудтай уулзаж, ил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын эдийн засагт гол нөлөө бүхий уурхайн хувьд үр ашгийн хуваарилалтыг одоо болон ирээдүйд зөв чиглүүлэх, уурхайн ажиллагаа талаасаа зөв менежментээр ажиллаж уурхайн насжилтыг урт байлгахад анхаарах асуудлуудыг хөндөж ярилцав. Мөн Эрдэнэс тавантолгой компанийн 955.8 тэрбум төгрөгийн төсөвтэй, 2024 оны 2-р улиралд багтаан эхний хэсгээ ашиглалтад оруулахаар эхлээд байгаа нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл болон Энержи ресурс компанийн Ухаа худгийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем, дулааны цахилгаан станц гээд цогц бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.235.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.