"Монгол Улс анх удаагаа хамгийн их дүнтэй буюу 20.5 тэрбум төгрөгийн төсвийг батлахаар УИХ-д өргөн мэдүүлсэн
Үйл явдал
/
2022-10-26

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Монгол Улс анх удаагаа хамгийн их дүнтэй буюу 20.5 тэрбум төгрөгийн төсвийг батлахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ нь асар их үргүй зардлыг бий болгоно. Аравдугаар сарын 18-ны өдөр МАН-аас АН-ын 2023 оны улсын төсвийн төсөлд хүргүүлсэн шаардлагын дагуу хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах санал ирсэн. Хамтран ажиллах санал тавьсанд баярлалаа. Гэхдээ МАН-ын тавьсан саналд үгүй гэж хариулъя. Бид ажлын хэсэгт орж ажиллахгүй.

МАН урхи тавихаа болих хэрэгтэй. 20.5 тэрбум төгрөгийн төсөв батлах гэж байгаа үрэлгэн зардалдаа АН-ыг татан оролцуулж хамтран ажилласан мэтээр дүр эсгэх гэж байгаа бол тийм зүйл байхгүй. Төсөвт хэлэх шүүмжлэл, санал дүгнэлтүүдээ УИХ дахь АН-ын бүлгээр хүргүүлэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. 

Бид бүхэн МАН-аас  2020 онд УИХ-ын сонгуульд сонгогдохдоо амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж байна. Инфляцад өртөж байгаа ахмад настан, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн орлогыг хамгаалах шаардлагыг дахин хүргүүлж байна.

Мөн 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн шүүгч нар хуралдаж АН-ын даргыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх С.Эрдэнийн хүсэлтэд татгалзсан хариуг ирүүлсэн. Энэхүү дээд шүүхийн хуралдаанаар С.Эрдэнийг АН-ын дарга биш гэдгийг нотолж, дахин бүртгэж авахгүй гэдгээ баталгаажуулсан байна. Өнөөдрийн байдлаар АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн байхгүй байгаа" гэв.

Эдийн засагч Д.Амгалан "Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв нэлээдгүй тэлсэн үзүүлэлттэй байна. Төсөв ийнхүү тэлж байгаа байдал нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, гадаад худалдааны тэнцэл, инфляцад сөрөг нөлөөллийг бий болгож байна.

Гадаад, дотоодын эдийн засгийн байдал хүнд байгаа үед төсвийг тэлэх нь төгрөгийн ханшийг сулруулж, ард иргэдийн олсон орлогыг үнэгүйдүүлнэ. Монгол Улсын гадаад өр нийтдээ 33.4 тэрбум ам.доллар, ирэх жил төлөх гадаад өрийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллартой байна. Мөн Монгол Улсын валютын нөөц 2.6 их наяд байна. Тиймээс бид дотоод нөөцөөрөө гадаад өрийг дарах боломжгүй. Ийм нөхцөлд төсвийг алдагдалтай батлах гэж байгаа нь эдийн засгийг улам уналт руу түлхэж байна.

2016 оны хоёрдугаар улиралд иргэдийн дундаж цалин 880,000 төгрөг нь байсан нь 440 ам.доллартой тэнцэж байсан бол 2022 оны дундаж цалин 1.5 сая төгрөг болж мөн ялгаагүй 450 ам.доллароос хэтрэхгүй байна.

Төсөв тэлсэн асуудлыг буцаад шийдэхийн тулд мөнгөний хатуу бодлогыг барьж эхэлдэг. Мөнгөний хатуу бодлого нь бизнес эрхлэгчдийн ашиг болон ард иргэдийн худалдан авалтад хор хөнөөлтэй. Монгол Улсад эдийн засгийн бодлогын хөтөлбөр, шийдвэр байхгүй байна. Тиймээс дунд болон урт хугацааны бодлоготой болох хэрэгтэй. Засгийн газар эргэн нэг төсвөө харж, эдийн засгийн гадаад, дотоод шоконд үндэслэн төсвөө зохиох шаардлагатай байна" хэмээлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.