Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Үйл явдал
/
2022-02-02

Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутагтаа амьдран суугаа Монголчууд та бүхэндээ 17-р жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн мэндийг Анхдагч алдартнуудын өлгий нутаг Булганчуудынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Цагаан сарын бэлэгт сайн өдөр Монголчууд бид тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, ураг төрлөөрөө учран золгодог эртний сайхан уламжлалтай билээ.

Хэдийгээр дэлхий нийт, монголчуудын хувьд цар тахлын хүнд үе тохиосон ч улиран одож буй төмөр үхэр жил Булганчууд бидний хувьд ажил өрнөж, амьдрал ундарсан жил байлаа.

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж та бидний бэлэгшээдгээр малчид тариаланчдынхаа нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргээ чанаржуулан өсгөж, аймгийн хэмжээнд хураан авсан үр тарианы хэмжээгээр 1990 оноос хойш хамгийн өндөр буюу 67.0 мянган тн ургац хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадлаа.

Аймгийн төсвийн орлогоо 4.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж эдийн засгийн хувьд өсөлттэй жил байлаа.

2021 оныг аймгийн хэмжээнд “Үндэсний өв, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх жил”, “Бүтээмжийн жил” болгон зарласнаар үндэсний бичиг сурталчлах, суралцах, түгээн дэлгэрүүлэх, ажлын бүтээмж чанар дээшлэхэд чухал алхам боллоо.

Булганчуудынхаа брэнд бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотод "Булганчууд 2021”, "Airag day" үзэсгэлэн худалдаануудыг зохион байгуулж, “ITM-2021” олон улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, ITM-2022 наадмын түнш аймаг болж, 2022 оныг аймгийн хэмжээнд “Аялал жуулчлалын жил” болгон зарлалаа.

Аймгийнхаа ирээдүйн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх зорилгоор аймг ийн Засаг даргын зүгээс 56 хүүхдэд 184.5 сая төгрөгийн сургалтын дэмжлэг үзүүллээ.

Аймгийн ЗДТГ, Хутаг-Өндөр сум, НДХ зэрэг газрууд Чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх талд ахиц гарган ажиллаж байна.

Орон нутагтаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр Монгол улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагын 24 төлөөлөгчид оролцсон "GoGreen" уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Булган нутагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх боллоо.

2021 онд цар тахлын хүнд үеийн туулахад манай аймгийн эрүүл мэндийн салбарынхан, эмч эмнэлгийн ажилтнуудын нөр их хичээл зүтгэлийн үр дүнд хүнд өвчний үеийг даван гарсан билээ. Ийм ч учраас бид энэхүү ажлыг удирдан зохион байгуулсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, их эмч М.Мягмарыг аймгийн нийгмийн салбарын оны зүтгэлтнээр алдаршуулж байна.

Иймд Булганчуудынхаа нэрийн өмнөөс эрүүл мэндийн салбарынхандаа баярлалаа гэж хэлье.

Эрхэм хүндэт Монголчууд, Булганчуудаа

Ирж буй 17-р жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай.

Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж, Булган хан уулын ноён оргил Булганчууд биднийг мөнхөд ивээх болтугай

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.