Сар шинийн мэндчилгээ
Үйл явдал
/
2022-02-02
Эрхэм хүндэт СОНГИНОХАЙРХАНЧУУД та бүхэндээ угтан золгож буй XVII жарны “БУЯН ҮЙЛДЭГЧ” хэмээх усан бар жилийн сар шинийн мэндийг айлтган мэндчилж байна.
Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан уламжлалт баяр билээ.
Улиран одож буй Үхэр жилд Монгол улсад Коронавируст цар тахлын дэгдэлтийн улмаас хүн амын эрүүл мэнд , нийгэм, эдийн засагт хүндрэл үүссэн амаргүй жил байлаа. Гэсэн хэдий ч өнгөрсөн он бидний хувьд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар, дэд бүтцийн шинэчлэлд томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн, ололт амжилт, их бүтээн байгуулалтаар өрнүүн жил өнгөрлөө.
Тодруулбал, Улсын “ЖИШИГ НЭГДСЭН” эмнэлэг, “Баянхошуу амбулатори”, шинээр 640-960 хүүхдийн суудалтай гурван сургууль, шинээр 150-240 хүүхдийн таван цэцэрлэг, 22,7 км авто зам, гэр хороолол бүхий 31 хороонд 6800 гэрэлтүүлэг, авто замын нэмэлт 621 ширхэг гэрэлтүүлэг, “Цагдаа толгойн” цэцэрлэгт хүрээлэн, 17-р хороонд байрлах 132 гараашийг буулгаж 0,9 га талбайг тохижуулан ашиглалтад оруулан нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллалаа.
Угтан золгож буй “БУЯН ҮЙЛДЭГЧ” хэмээх усан бар жилд дүүргийнхээ иргэдийн нийгмийн асуудлыг шийдэж усан бассейн, хөл бөмбөгийн талбай, мөсөн ордон, сургууль, цэцэрлэг, гэрэлтүүлэг, авто зам, тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга гэх мэт олон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх жилд иргэн бүр эрүүл энх байж, өрх бүрийн амьдралын чанар сайжирч, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
??????
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.