Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-02-09

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.02.08/ боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хуралдааны эхэнд өнгөрсөн хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонслоо. Дараа нь дүүргийн Цагдаагийн газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Эрүүл мэндийн төвийн мэдээллийг сонссон юм.  

Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийнэ  

Дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон ажиллажээ. Хариуцлагатай жижүүрээр нийт 20 алба хаагч 5 хоногийн хугацаанд ажилласан бөгөөд энэ үеэр ямар нэг ноцтой зөрчил гараагүй гэдгийг албаныхан онцоллоо. Дүүргийн Засаг дарга “Сүүлийн үед осол гэмтэл их гарч байна. Сар шинийн өдрүүдэд гэхэд нийслэлийн хэмжээнд хоёр томоохон гал түймэр гарлаа. Иймд болзошгүй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар одооноос анхаарч ажиллах шаардлагатай. Дүүргийн хэмжээнд энэ хоёрдугаар сардаа багтаан галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллая. Тэр дундаа дүүргийн 2 болон 20 дугаар хорооны иргэдээс санал хүсэлт ирж байна. Тухайлбал, 2 дугаар хорооны хуучны  байруудад цахилгааны утас ил гарсан зэрэг зөрчлүүд байгаа. Иймд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхэд одооноос анхаарч нэгдсэн томоохон арга хэмжээг зохион байгуулъя” гэсэн юм.  

Сайжруулсан түлшний 277 тоннын нөөцтэй байна

Баянгол дүүргийн гэр хорооллын 8 хороонд сайжруулсан түлш борлуулах 32 цэг ажиллаж байна. Тэгвэл дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс түлшний нөөцийг нэмэгдүүлэх хүсэлтийг “Тавантолгой түлш” ХХК-д хүргүүлсний дагуу нэгдүгээр сарын 22-оос эхлэн захиалгын хэмжээг нэмэгдүүлж 5 тонн байсныг 10-20 тонн болгожээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар 277,7 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байна. Мөн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор 2, 3 дугаар бүсэд амьдарч буй дүүргийн гэр хорооллын 8 хорооны 749 зорилтод бүлгийн өрхөд сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 7 хоног бүрийн Мягмар, Лхагва гарагт түлш борлуулах 12 цэгээр олгож байгаа аж.   

Баярын дараа “Ковид-19” халдварын тоо нэмэгдэж эхэлж байна гэв

Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн эмч ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, ард иргэдэд эрүүл мэндийн үндсэн болон “ковид-19” халдварын тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллажээ. Хэдийгээр сар шинийн өдрүүдэд “ковид-19” халдварын шинжилгээ өгөх хүмүүсийн тоо харьцангуй бага, ачаалалгүй байсан ч  сар шинийн өнгөрсөн Даваа гарагаас шинжилгээ өгөх хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга онцоллоо. Мөн хүн амын нягтрал ихтэй хороодод амьдардаг иргэд дахин халдвар авах тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Иймд иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах, халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан онцоллоо.     

62 дэлгүүрт нөөцийн мах худалдаалах бэлтгэл ажлыг хангажээ

Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга нөөцийн махны борлуулалтад хяналт тавьж холбогдох бэлтгэл ажлыг хангахыг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст даалгасан. Тэгвэл дүүргийн хүн амын өвөл, хаврын махны хангамж, үнийг тогтвортой байлгах зорилгоор мах бэлтгэн нөөцлөх худалдан борлуулах ажлын хүрээнд дүүргийн 25 хорооны 113 дэлгүүрт баталгаат жин, талбай, хөлдөөгчний тоо хүчин чадал, посс машин зэрэг нь стандарт шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллажээ. Улмаар 62 дэлгүүрт нөөцийн мах худалдаалах бэлтгэл ажлыг хангасан байна.  

Хурлын төгсгөлд дүүргийн дүүргийн Засаг дарга хэд хэдэн зүйлийг онцолсон. Тухайлбал, сар шинийн баяр олон хоног үргэлжилсэнтэй холбоотойгоор хог хаягдал их байна гэсэн гомдол зарим хорооноос ирж байна. Иймд холбогдох хэлтсүүд анхаарч холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна гэв. Мөн сүүлийн үед ахуйн чанартай осол гэмтэл гарах давтамж нэмэгдэх хандлагатай байгаа тул дүүргийн 25 хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагч нар ажлаа зөв хуваарилж ажиллах. Ингэхдээ 250 гаруй хэсгийн ахлагчийн ажлын байрны тодорхойлолтыг дахин боловсруулж улмаар хариуцсан хорооныхоо гудамж талбай, айл өрхөд хүрч ажиллах тал дээр анхаарах шаардлагатай байгааг онцолж дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • 2022 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай “Хариуцлагын гэрээ” байгуулах бэлтгэлийг сайтар хангах
  • 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэх
  • Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж,  дархлаажуулалтыг эрчимжүүлэх
  • “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” нь шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр удирдлага арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулах үүргийг ТЗУХ-т үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.134.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.