“ДӨЛ”-ийн оролцогчдод батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчиллаа
Үйл явдал
/
2022-08-24
Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнд оролцогч 21 аймаг, 9 дүүргийн шилдэг тамирчин сурагчдад 8 дугаар сарын 22-ны энэ өдөр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.
 
Өдөрлөгт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын удирдлага, аймаг, дүүргүүдийн цэрэг-спортын шилдэг тамирчин сурагчид оролцсон юм.
Бригадын генерал Д.Ганхуяг өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дөл-2022” цогцолбор тэмцээний төгсгөлийн шатанд шалгаран оролцож байгаа хүүхэд, залуучууд, багш, дасгалжуулагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, баяр хүргэе. Энэхүү тэмцээн нь сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилготой уламжлалт арга хэмжээ юм. Батлан хамгаалах яамнаас өсвөр насны хүүхэд, залууст эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, түүх уламжлалаараа бахархах, цэргийн албаны үйл ажиллагааг сурталчлах хүрээнд олон шат дараатай арга хэмжээ зохин байгуулж байгаагийн нэг нь “Дөл” цэрэг-спортын цогцолбор тэмцээн юм.
Энэхүү цогцолбор тэмцээнд өндөр ач холбогдол өгч, баг тамирчдаа шигшин бэлтгэн оролцуулж байгаа аймаг, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Та бүхний оролцоо, хандлага, зохион байгуулалт улам боловсронгуй болж, хүүхэд залуучуудын хичээл зүтгэл, идэвх чармайлт өндөр байгааг онцлон тэмдэглэхдээ таатай байна” гээд баг тамирчдад амжилт хүссэн юм.
Өдөрлөгөөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг тамирчин сурагчдад Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхны цэрэг-эх оронч сэдэвт уран бүтээлийн тоглолт дэглэгдэж, Зэвсэгт хүчний 016, 120, 311, 326 дугаар нэгтгэл, ангиудын байлдааны техникийн үзэсгэлэн, Зэвсэгт хүчний 015, 084 дүгээр ангийн буудлагын зэвсгийн үзэсгэлэн тус тус дэлгэгдэв.
БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, ҮБХИС-аас үйл ажиллагаатай холбоотой сурталчилгаа буюу цэрэг татлага, цэргийн алба, элсэлт зэрэг олон сэдвээр мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол цэргийн музейн хамт олон монгол цэргийн ялалт, тэмцлийн их түүхээр сурагчдыг аялуулсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.3.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.