ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Багануур ХК-д зочиллоо
Үйл явдал
/
2022-06-16

НҮБ-ын дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касайг Монгол улсад айлчлахад ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Багануур дүүргийг сонгон 2022.06.14-ий өдөр ирүүлжээ. Учир нь Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний талаар туршлага болохуйц үр дүнд хүрсэн гэж дүгнэсэн байна.

Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Др.Сергей, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг тэргүүтэй зочид Багануур дүүргийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв, 4, 5-р хорооны Энх өрх ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаад Багануур ХК-нд хүрэлцэн ирлээ.

Зочдыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал угтан авч уурхайчдад эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлдэг цехийн эмнэлэгтэй танилцууллаа. Энэ үеэр Багануур ХК-ийг ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг маш сайн авч, ажилтнуудынхаа 98 хувийг вакцины 1,2-р тунд хамруулсан хэмээн дүүргийн ЭМТ онцоллоо.

Дараа нь уурхайчдынхаа эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлдэг “Эрүүл уурхайчин” хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулав.

Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Багануур ХК-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, дасгал хөдөлгөөн, спортыг дэмжиж буй үйл явцтай танилцаад “Монгол улс бол номхон далайн баруун бүсийн гишүүн орон юм. Гишүүн орнуудынхаа эрүүл мэндийн салбарыг яаж хөгжүүлэхүү? ирээдүйд чиглэсэн ямар шинэлэг санаа байж болох вэ? зэрэг асуудлыг ДЭМБ-аас байнга судалдаг. Бүсийнхээ эрүүл мэндийн алсын харааг тодорхойлж, төлөвлөгөөндөө тусгасан ажлуудыг маань Монгол улс аль хэдийнээ ажил хэрэг болгоод хэрэгжүүлээд эхэлсэн байгаа нь тун гайхалтай. Үүний нэг нь байгууллага аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа эрүүл мэндэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна” гэлээ. Мөн тэрээр “Хүн эрүүл, урт наслахын тулд өөрөө л эрүүл мэндээ боддог, анхаардаг байх хэрэгтэй” тэгэхээр цаашид ажилтнууддаа ийм хандлага төлөвшүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн юм.

Уулзалтын дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ-ны зочид Багануур ХК-ийн удирдлагуудын хамт дурсгалын мод тарьж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаад хөтөлбөрийн дагуу дараагийн байгууллагыг зорьлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.178.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.