Эрүүл уурхайчин-алтан намар өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-09-27
13 дахь удаагийн “Эрүүл уурхайчин-Алтан намар” гэр бүлийн өдөрлөг өнгөрөгч бямба гаригт “Уурхайчин” спорт цогцолборт боллоо. Уламжлал ёсоор гэр бүлүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, Эрүүл хүнс-Эрүүл мэндэд тустай хоол зууш сэдэвт хоолны уралдааныг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нээж үг хэллээ. Тэрээр: Өвлийн их ачаалал эхлэхийн өмнө гэр бүлийн өдөрлөгөө зохион байгуулж байна. Манай компанийн амжилт, уурхайчдын маань ажлын амжилт бол тэдний ар талд байж үргэлж дэмжин тусалдаг гэр бүлүүдтэй салшгүй холбоотой. Тиймээс уурхайчдынхаа гэр бүлүүдэд талархал илэрхийлье. Цаашид бид та бүхэнтэйгээ үргэлж хамтран ажиллах болно хэмээгээд ойрын хугацаанд ажилтнуудынхаа нийгмийн асуудлын чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа. Мөн тэрээр Уурхайчин спорт цогцолборын секц дугуйлангуудад хичээллэдэг уурхайчдынхаа хүүхдүүдийн амжилтуудаас дурьдаад хүүхдүүдээ өргөнөөр хичээллүүлэхийг уриаллаа.
Гэр бүлийн өдөрлөгийн гар бөмбөгийн тэмцээнд 9 хэсгийн 60 гаруй тамирчин оролцсоноос ТАМАХ-ийн гэр бүлийн баг 1-р байр, Уулын 1-р хэсгийн гэр бүлийн баг 2-р байр, Захиргааны гэр бүлийн баг 3-р байранд шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа.
Харин Эрүүл хүнс-Эрүүл мэндэд тустай хоол зууш сэдэвт хоолны уралдаанд хэсэг тус бүрээс 5 хүний бүрэлдэхүүнтэй баг өөрсдийн мэдрэмж, сэтгэл зүрхээ шингээн хийсэн хоол зуушаар ширээ засч оролцлоо. Эрүүл мэндэд тустай хоол зуушны уралдааны шүүгчээр МУ-ын мастер тогооч, үндэсний үнэлгээчин, Багануур дүүргийн тогооч нарын холбооны тэргүүн Г.Пагмадулам, Багануур рестораны ерөнхий тогооч, Олон улсын Гранпри тэмцээний мөнгө, хүрэл медальт тогооч Ү.Батдэлгэр нар ажилласан. Тэмцээний шүүгчид эрүүл зохистой хоолны уралдаан жилээс жилд хөгжиж, уурхайчдын гэр бүлүүдийн хийсэн хоолны баяр болтлоо өргөжиж байгаа нь энэ жилийн өдөрлөгөөр харагдаж байна гэдгийг онцолсон юм. Үнэхээр манай уурхайчдын гэр бүлүүд хоол зуушны уралдаанд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа нь харагдаж байлаа. Тухайлбал багууд 8-20 нэр төрлийн хоол зууш, ундаа шүүс бэлтгэн оролцож, бие биенээсээ туршлага судлан, эрүүл зохистой хоолны санаагаа нэмэгдүүлсэн сайхан уралдаан боллоо. Ингээд шүүгчдийн дүн гарахад Тэргүүн байранд Уулын 2-р хэсгийн гэр бүлийн баг, дэд байранд ЭХНХ+УШХ-ийн гэр бүлийн хамтарсан баг, гутгаар байранд Засварын хэсгийн гэр бүлийн багууд шалгарч мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Өдөрлөгийн үеэр уурхайчдад хоолоор үйлчилдэг Багануур Сувилал ХХК-ийн “Уурхайчин” зоогийн газар, Засварын хэсгийн “Амтлаг” зоогийн газар, ТАМЗХ-ийн “Эрхэст алтан уурхайн илч” зоогийн газрууд эрүүл мэндэд тустай зохистой хоолны амталгаат үзэсгэлэн гаргасан. Энэхүү амталгаат үзэсгэлэн нь ажилтнуудын гэр бүлүүдэд мэргэжлийн тогооч нарын бэлтгэсэн хоол зууш, талх нарийн боов, ундаа жүүсийг амтлуулахаас гадна тэдгээрийг хэрхэн бэлтгэх арга аргачлалыг технологийн картын дагуу зааж сургах ач холбогдолтой байв.
Компанийн захиргаанаас зохион байгуулсан Эрүүл уурхайчин-Алтан намар гэр бүлийн өдөрлөгт амралт чөлөөт цагаа зориулан хүрэлцэн ирж тэмцээн уралдаанд оролцсон нийт гэр бүлүүддээ талархал илэрхийлье. Та бүхнийхээ гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.192.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.