Төрд хэрэгтэй зайран ОКТЯБРИЙН БААСАНХҮҮ
З.Батхуяг
Сонгууль-2024
/
2024-05-24

Хууль тогтоох дээд байгууллагад хоёр ч удаа сонгогдчихсон “урилгагүй зочин” бол хуульч хэмээн танигдсан О.Баасанхүү юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оймстой хөлийг гозолзуулан 461 руу ачихад, өмгөөлөгчөөр нь ажиллаж олонд танигдсан нэгэн. Гавьяат хуульч Ц.Нямдорж түүнийг “оймсонд хавчуулагдаж орж ирсэн нөхөр” хэмээн тодотгож байсан удаатай. О.Баасанхүү гишүүн ч Ц.Нямдорж сайдтай ана мана, ач тач үзэлцэж, сайн муугаараа дуудуулан, загнахдаа загнаж, загнуулахдаа загнуулсаар найман жил, хоёр парламентад хамт зүтгэсэн.

Анх шинэхэн гишүүн байхдаа мөн ч идэвхтэй байж билээ хөөрхий. МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвслийн бүлгийн дарга болох гэж баахан “бужигнуулав”. Сүүлд нь тахин шүтэж, залбирч мөргөж байсан Н.Энхбаяр нь МАХН-ыг зарах гэж байхад нь таслан зогсоож, замаас нь өөрийн нэр нүүрээ ширлэн байж “дээрэмдэж” дарга нь болох гэж зүтгээд амжилт олоогүй юмдаг.

Улстөрч болгон өөр өөрийн зан төлөв, харизмаараа ялгарч, түүгээрээ олон нийтийн ой тойнд үлддэг. О.Баасанхүү улстөрд байхдаа өөрийн дүр төрхөө ард түмэнд таниулж, үлдээж чадсан цөөн хэдэн гишүүдийн нэг. УИХ дахь бүдүүн бүлэг 33-32-оороо хуваагдан ордонд олзолдон тэмцэлдэж, АН-ынхан аль ашигтай талд дагаар орчих санаатай бялуу горьдож байхад О.Баасанхүү л зарчимдаа, Монголын эрх ашгийн төлөө үнэнч байж төрийн ордны хуйвалдааныг ГАР УТСААРАА ЛАЙВДАЖ байсан “ганц сөрөг хүчин” байв.

Ж.Батзанданд доромжлуулж, Ц.Нямдоржид загнуулсан ч ГАНДАН БУУРААГҮЙ ГАНЦ ГИШҮҮН байв. 2016-2020 онд Эрдэнэтчүүдээс дэмжлэг авч УИХ-д хоёр дахиа сонгогдов. Хуулийн хүн учраас УИХ-р хэлэлцэн батлаж буй бүх хуулийн төсөлд ханцуй шамлан орж, нухацтай, хүлээцтэй хандаж төсөл дундах алдаа мадгийг тун чиг нарийн мэдэрч эрх баригчдад “ХҮНД ЦОХИОЛТ” хэд хэдэн удаа өгч байсан удаатай юм. Одоогийн хотын дарга Х.Нямбаатартай “ширүүхэн үзэлцэж” эрүүгийн хуулийн өөрчлөлтөд иргэдээ хамгаалсан.

Энэ бүхний эцэст тэрбээр Н.Энхбаярын халаасанд байсан МАХН-аас найман удаа хөөгдөж, арга буюу 1998 онд батлахаа гардан авч байсан Ардчилсан намынхаа гишүүнчлэлийг сэргээн С.Эрдэнэ даргатай АН-д дагаар орж байв. Тэр бол хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хулгайд холбогдож, тендер халааслаагүй хүн. Тэр ТӨРД ХЭРЭГТЭЙ, ТҮМЭНД ЭЛЭГТЭЙ хүн!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
12
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.217.193.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(218.253.210.194) 2024-06-08 11:10:09
Амжилт хүсье. Үнэхээр төрд хэрэгтэй зайран шүү