Г.ДАШНЯМ: Би УЛСТӨР МЭДЭХГҮЙ ЭЭ, зүгээр л дотроо ХҮСДЭГ БАЙСАН НИЙМГИЙНХЭЭ ТӨЛӨӨ зорьж явна
Сонгууль-2024
/
2024-06-06

Би үнэндээ улс төр мэдэхгүй ээ, зүгээр л дотроо битүүхэн хүсдэг байсан тэр нийгмийнхээ төлөө л зорьж явна.

Намайг хүмүүс скүүтэртэй холбож янз янзын өнцөг гаргаж магтах нь магтаж, сайшаах нь сайшааж, шүүмжлэх нь шүүмжилж байна. Скүүтэрийг магтах сайшаах хэсэг хүмүүс байхад нөгөө талд зүгээр улс төрийн шоу тоглолт хийлээ гэх хүмүүс ч мэр сэр байна. Би тэр улс төрийн шоу моу гэж үнэндээ мэдэхгүй ээ, үнэнээ л хэлье.

Одоогоос 2 жил орчмын өмнө анх Казакстанд явж очоод л онгоцноос буухад онгоцны буудлын гадаа баахан скүүтэр, энэ юу вэ, ямар учиртай вэ гэхэд "Хүмүүсийн дундын түрээсийн үйлчилгээ байгаа юмаа, манайх энийг нэвтрүүлээд түгжрэл тэгж буурсан, хотын соёл бий болж эхэлсэн, өнгө үзэмж нэмэгдсэн. Одоо бид аюулгүй байдал, холбогдох дүрэм журам дээрээ явж байна" гэхийг сонсоод Миний Улаанбаатарт яагаад ийм сайхан зүйл байж болдоггүй юм бол гэж бодож байсан юм. Та нар ч гэсэн мэднэ дээ, урагшаа Бээжинд очиход л түрээсийн шар, цэнхэр дугуйнууд гудамжаар нэг хөлхөж, хотын амьдралын салшгүй нэг хэсэг болсон байдаг даа. Найзууддаа ийм бизнес хийж эхлэх гэж байгаагаа хэлтэл бүгд дэмжээгүй. Аргагүй шүү дээ, Монголд хэрэглэх соёл бий болоогүй, зам харгуй байхгүй, нэг харанхуй гудамж руу оруулаад л алга болно. Чи шатнаа, тэрний оронд барилга барь тийм их мөнгөтэй юм бол гэж хэлж байсан. Би яагаад зөрсөн гээч.

Надад мөнгөн ашиг хамаагүй ээ, зүгээр л нэг тэр гадаад улсад хэвийн байдаг зүйл яагаад манайд байж болдоггүй юм. Манайх ямар өөр гарагийн улс уу? Бид ч гэсэн бусдын хэрэглэж буйг хэрэглэж, Улаанбаатар хотдоо дэлхийн том хотууд шиг ийм чимэг бий болгомоор байна гэсэн битүүхэн атаархал, хор шар буцалсаар энэ ажлыг эхлүүлсэн. Мэдээж бизнес л юм хойно зардлаа нөхөхийг хүсч байгаа ч өнөөдөр хотын маань гудамжинд энэ цэнхэр скүүтэр давхиж явааг хараад сэтгэл минь ханасан мэдрэмж авдаг юм.

Яг л энэ зорилго шигээ би Монгол улсдаа өөрийн үзэж харснаа, мэдэж туулснаа яагаад зориулж болохгүй гэж гэсэн бодлоор улс төрд орох гэж байна. Ер нь эцсийн дүндээ скүүтэрийн хэрэглээ төлөвшиснөөр Улаанбаатар хотод мэдэгдэхүйц олон төрлийн далд боломжууд нээгдэх нь гарцаагүй. Гагцхүү бид зөв хэрэглэж хэвших, цаашлаад үүнд зориулсан эрх зүйн орчин, дүрэм журам, зориулалтын зам талбай хэрэгтэй байна. Үүний төлөө зогсолтгүй хичээсээр байх болно.

МАН-аас нэр дэвшигч Г.ДАШНЯМ 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.195.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.