Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллалаа
Үйл явдал
/
2022-06-09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, лабораториудад ажиллаж байна.

Тэрбээр Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториор орлоо.

Төв лаборатори мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөвлөх, хэрэгжүүлэх, экспорт, импортын мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, эрүүл ахуйн баталгаа гаргах, аймаг нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн лабораторийг нэгдсэн арга зүй, арга, аргачлалаар хангадаг юм.

2021 онд мал, амьтны гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг болон өмнө нь Монгол оронд гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчнийг дарж, халдварын тархалтыг бүрэн хяналтад аваад байгааг Монгол Улсын малын ерөнхий эмч Д.Батчулуун танилцууллаа.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг үхрийн цээж өвчний байгалийн халдваргүйг олон улсын хэмжээнд баталгаажуулсан шийдвэр гаргасан байна.

Цаашид нийт нутгийг ямааны годрон өвчнөөр тайван, Өмнөговь аймгийн мал сүргийг бруцеллёз өвчнөөр тайван, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн үхэр сүргийг сүрьеэ, лейкоз өвчнөөр тайван болохыг баталгаажуулах зорилт тавьжээ.

Ойрын таван жилд малын гоц халдварт өвчнөөс эрүүл, тайван байдлыг тогтоох зорилгоор “Мал эрүүлжүүлэх гуравдугаар шатны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын баталгаа, хяналтыг сайжруулах, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэх, анхан шатны мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн “Биокомбинат” ТӨХК-ийг шинэчлэх замаар малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах шаардлага байгааг хэлж байлаа.

Дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж, ирэх таван жилд малын өвчингүй, эрүүл бүс болохын төлөө хамтарч ажиллана. Үүнд төр, засгаас боломжит бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь шинжилгээнд давхардсан тоогоор 450 гаруй төрлийн багаж тоног төхөөрөмж, 750 гаруй нэрийн оношлуур урвалж бодис, 850 гаруй нэр төрлийн туслах хэрэглэгдэхүүн хэрэглэдэг. Илрүүлэх, оношлох, баталгаажуулах шинжилгээг жилд 40-50 мянган дээжинд улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аж ахуйн нэгжийн захиалгаар гүйцэтгэдэг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.2.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.