Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Үйл явдал
/
2022-06-11
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы /2022.06.10/  өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

  Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв. 

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул хэлэлцүүлгийг гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлүүлсэн.

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт,  Н.Наранбаатар, Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Г.Ганболд, Ш.Адьшаа нар асуулт асууж, санал хэллээ. 

 


    Гишүүдийн зүгээс төрийн болон орон нутгийн өмчит компаниудын авсан зээл Монгол Улсын нийт өрийн хэдэн хувийг эзэлж байгааг тодруулахын зэрэгцээ төрийн болон орон нутгийн өмчит компаниудын улсад оруулж байгаа орлого, төвлөрүүлж байгаа ногдол ашиг, эзэмшиж байгаа хөрөнгийн хэмжээг тодруулав. Мөн төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг хэрхэн цэгцлэх талаар, төр 100 хувь эзэмших стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчийн компаниудыг тодорхойлж чадсан, эсэх адилхан чиг үүрэгтэй төрийн өмчит компаниудыг нэгтгэх эсэх асуудлыг төсөлд хэрхэн тусгасныг лавлаж байлаа.

   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, 2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 860 тэрбум төгрөг, цэвэр ашгийн хэмжээ 831 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн хэмээн хариулсан. Мөн тэрбээр, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 компаниудын үзүүлэлтийг жил бүр нэгтгэн гаргадгийг онцлоод нийт 18 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байгаа. Үүнээс жин дарж байгаа компаниудыг нэрлэвэл,  “Эрдэс монгол нэгдэл” 5,4 их наяд, Төрийн банк 3,4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, “Монголын төмөр зам” ТӨХК 1.5 их наяд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбум төгрөгийн өртэй байгааг дурдлаа. Түүнчлэн хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.1 их наяд төгрөгөөр  тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл”  1.5 их наяд төгрөгөөр удаалж байгаа бол хамгийн их ашигтай ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 901 тэрбум төгрөгөөр тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл” 126 тэрбум, “Монголросцветмет” ТӨҮГ 85 тэрбум, “Улаанбаатар төмөр зам”  69 тэрбум, Төрийн банк 45 тэрбум төгрөг гэсэн үзүүлэлттэй байна гэж байлаа. 

 


    Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариултдаа, өмнө нь агентлагийн статустай ажиллаж байсан олон газрууд аж ахуйн тооцоотой төрийн үйлдвэрийн нэрээр ажиллаж байгааг тодотгоод “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдуулж төрийн бүтээмжийн асуудлыг судалж байна. Цаашид бид төрийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн давхардлыг авч үзэн агентлагын статустай ажиллах байгууллагуудыг нэг мөр шийдэж, эсвэл  татан буулгана. Мөн зарим ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байна гэж байлаа. 

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг Компанийн тухай хуулиар зохицуулж байгаа бол энэ нь анхдагч хуулийн төсөл. Хууль батлагдсанаар төр дөрвөн жилээр улсынхаа тэргүүлэх чиглэлийг тодорхой болгож, тэр чиглэлийн хүрээнд бизнесээ хийнэ. Мөн стратегийн болон эрчим хүч, хог, дулаан зэрэг нийтийн зориулттай тодорхой төрлийн бизнесийнхээ тодорхойлолтыг гаргаж, бусад төрлийн бизнест төр оролцохгүй гэдгээ зарлана. Цаашлаад төр тодорхой чиглэлийн бизнесийн компаниудынхаа үйл ажиллагааг аль болох өөр хооронд нь нэгтгэх, компанийн тухай хуулиар зохицуулна гэж байлаа. 

    Мөн хуулийн төслийг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Наранбаатар нар үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь их төвөгтэй асуудал тул ямар ч байсан хэлэлцүүлэхээр оруулж ирж чадлаа. Эцсийн шийдвэрийг парламент гаргахаар болж байгааг онцлоод төр компаниараа дамжуулж эдийн засгийн ямар харилцаанд оролцох, ямарт нь оролцохгүй байх ёстой вэ гэдэг томоохон шинэчлэл энэ хуультай хамт явагдана. Тиймээс ийм зарчим, үзэл баримтлалыг дэмжиж байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт орж ажиллах саналтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үүний шалтгаан төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагаа, төсөв, хяналттай холбоотой асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдагтай нь холбоотой гэж байлаа. 


 

    Ингээд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.0 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.