Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Өргөсөн тангарагтаа үнэнч, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж ажиллаарай
Үйл явдал
/
2022-06-19
Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн 92, Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-ийн 88 дахь удаагийн хичээлийн жилийн төгсөлтийн ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

2021-2022 оны хичээлийн жилд ҮБХИС-ийг нийт 370 орчим, үүнээс бакалаврын хөтөлбөрөөр 140 гаруй, мэргэжлийн боловсролын сургалтаар 230 орчим сонсогч, суралцагч төгсөж байна.

Мөн ДХИС-ийг нийт 1,000 гаруй, үүнээс бакалаврын хөтөлбөрөөр 600 гаруй, мэргэжлийн боловсролын сургалтаар 400 орчим сонсогч, суралцагч төгслөө.

Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ҮБХИС, ДХИС-ийн захирлуудын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын даргын тушаалыг уншиж танилцууллаа.

Үүний дараа төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулсныхаа дараа баяр хүргэж үг хэллээ.

Тэрбээр үе үеийн шилдэг боловсон хүчнийг бэлтгэсээр ирсэн түүхэн замналтай ҮБХИС, ДХИС-аар овоглосон олон мянган төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан, төгссөн сургуулийнхаа алдар хүндийг дуурсган буйг тэмдэглэв.

“Эх орноо хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрхэм үүрэгтэй төрийн тусгай алба бол өөрийн гэсэн бахархал, нэр хүндтэй, онцгой хариуцлагатай алба” хэмээн онцоллоо.

Өнөөдөр сургуулиа төгсөж буй сонсогч, суралцагчид эзэмшсэн мэдлэг боловсрол, ур чадвараа эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргээ ямагт өндөрт өргөж явна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдал, улс орон ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө зүтгэхээр тангараг өргөн сэтгэл шулуудаж, сургуулиа амжилттай төгсөж байгаа сонсогч, суралцагчдад болон гэр бүлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Засгийн газрын агентлагууд, ҮБХИС, ДХИС-ийн удирдлагын төлөөлөл, төгсөгчид, төгсөгчдийн гэр бүлийн төлөөлөл оролцлоо.

ҮБХИС нь өнөөдрийг хүртэл 50 гаруй мэргэжлээр 70 мянга гаруй мэргэжилтэн, ДХИС нь 50 гаруй мэргэжлээр 60 мянга гаруй мэргэжилтэн бэлтгээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.