З.МЭНДСАЙХАН: Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Францын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа
Үйл явдал
/
2022-06-22
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, Францын үндэсний үхэр, хонины аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн холбоо, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Франц улс нь хүнсний аюулгүй байдал болон өндөр ашиг шимт мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байдаг. Тиймээс тус улсаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй туршлагыг судалж, тэр дундаа өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйг эрхлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Францын талаас манай орны гол онцлог болсон нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй арга туршлагыг судлах сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн юм. 

Уулзалтын үеэр Сайд З.Мэндсайхан: “Бидний өнөөдрийн уулзалт онцлог цаг үед буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр УИХ-аар батлагдсан үетэй таарч байгаа юм. Манай улс ирэх 5 жилийн хугацаанд мал аж ахуй, газар тариалангийн гаралтай 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох цаашлаад экспортлогч болох томоохон амбицыг дэвшүүлж, улс орон даяар хөдөлгөөн болгон зарлаад буй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд мах, сүүний чиглэлийн 100 мянган цэвэр үүлдрийн үхэр шаардлагатай. Мөн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг загвар болгон хөгжүүлэхэд Францын талтай хамтран ажиллахад нээлттэй байна. Энэ ажлыг бид ойрын хугацаанд ажил хэрэг болгох боломжтой. Түүнчлэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай махан бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах сонирхолтой байна” хэмээн хэлсэн юм.  

Европт хамгийн томд тооцогдох "Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн" (Сомме дэ Элваж) Франц улсад энэ оны 10-р сард болно. Энэ үзэсгэлэнд манай улс хүндэт зочин орноор оролцох бөгөөд Монгол Улсыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа нэг шат ахиулахыг урьж албан ёсны урилгаа Сайд З.Мэндсайханд Францын талаас гардуулан өглөө. Үзэсгэлэнгийн үеэр 2013 онд байгуулсан “Монгол Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Францаас ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан сэтгүүлчид Сайд З.Мэндсайханаас ярилцлага авах хүсэлт тавьж, Монгол оронд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт, малын эрүүл мэнд-хүнсний аюулгүй байдал, мал бүртгэлжүүлэлт, мөшгөх систем зэрэг хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилт, хүнсний ногооны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хоршооллыг хөгжүүлэх бодлого, ойрын хугацаанд экспортлох боломжтой хүнсний бүтээгдэхүүн зэрэг өргөн сэдвийн хүрээнд ярилцлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.172.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.