Д.Ангар: Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100 хувь дотооддоо үйлдвэрлэх ёстой
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-24

ХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс бодит, зөв бодлогоор дэмжих ёстой хэмээн тунхагласан. Тэгвэл тэрбээр өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар Алтанбулаг боомтоор дамжуулан зорчигчийн нэрээр бүрдүүлэлт хийж татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим хангаагүй өндөгийг импортлодог зөрчлийн таслан зогсоох саналыг оруулснаар дэмжигдсэн. 

Тодруулбал, “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. 

Ингэснээр гарал үүсэл тодорхойгүй, татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим алдагдсан өндөг зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, үндэсний үйлдвэрлэгчдэд бодит хор уршиг учруулаад байсан юм. 

Жишээ нь Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг  зорчигчийн нэр дээр импортолсон зөрчил гарчээ. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы уг шийдвэрт эдийн засагт Д.Ангар цахим хуудсандаа "Маш зөв!!! Ер нь Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100% дотооддоо үйлдвэрлэх ёстой. Цаашдаа төрийн бодлогын хэмжээнд импортын татварыг нь нэмэх асуудлыг УИХ, ЗГ шийдэх ёстой гэж үзэж байна" гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.63.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.