ЗАГАСТАЙН ДАВААНЫ 67 КМ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Үйл явдал
/
2022-06-29

ЗАГАСТАЙН ДАВААНЫ 67 КМ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

 2022/06/27
     
ЗАГАСТАЙН ДАВААНЫ 67 КМ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам өнөөдөр /2022.06.27/  ашиглалтад орж 21 аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилт Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ийнхүү ашиглалтад орсноор ийнхүү бүрэн биелэж байна.

Мянганы замын хэвтээ тэнхлэгийн нэг хэсэг болох чиглэлийн Тосонцэнгэл-Улиастай 67 км авто зам нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох уулын зам гэдгээрээ онцлогтой.

Энэхүү замын төслийн ажлыг БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2017 онд гаргаж, бүтээн байгуулалтыг 2019 оны 06 дугаар сард эхлүүлсэн. Энэхүү авто зам баригдаж эхэлснээс хойш бүтэн 10 жилийн хүлээлт өнөөдрөөр дуусгавар болж 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож,  бартаа ихтэй энэ өндөр даваагаар саадгүй зорчих боломж бүрдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнөөдөр Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн босгон дээр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад оруулж байна. Энэхүү зам өнөөдөр ашиглалтад орж байгаа нь Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбосон түүхэн өдөр юм.  Нэг үгээр хэлбэл, 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дуусаж байна.  Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, гэвч бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал хүрч болдгийн бодит жишээ юм.  Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд, олон улсын болон үндэсний хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнууддаа гүн талархал илэрхийлье” хэмээн хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 киломтер автозам нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг, хамгийн хүнд саад бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох уулын зам гэдгээрээ онцлогтой. Авто замын салбарт сүүлийн 30 орчим жил уулын замыг гарын таван хуруунд багтахаар цөөн хийсэн. Тэдгээрийн отгон нь энэхүү зам болж байна. Гүйцэтгэгч байгууллага болох БНХАУ-ын “Чайна Коммуникэйшн Констракшн” компани, Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК, авто замын хяналтыг тавьсан "Мөнхөд Ашдын Зам" ХХК-иуд хамтран ажиллаж богино хугацаанд ашиглалтад оруулсан тус компанийн удирдлага, авто замчид та бүхний хичээл, зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Түүнчлэн авто зам ашиглалтад орсон өдрөөс эхлээд замаа арчлах нь чухал. Тиймээс ээлжит болон их завсарыг тогтмол, чанартай гүйцэтгэх ёстой гэдгийг Завхан АЗЗА ТӨХК-д хэлсэн байгаа.

Баруун аймгууд Улиастайг-Алтай Улаангомыг Ховд хоттой холбох том төслүүд цаашид үргэлжилнэ. Бидний дараагийн том бүтээн байгуулалт бол Арцсуурь-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төмөр замаар холбох төслүүдийн зарим нь ашиглалтад орж, барилгын ажил эхэлж буй нь ч  байна. Мөн авто замаар холбох ажлууд үргэлжилнэ. Мөн Улиастай-Алтай чиглэлийн авто зам холбогдохоор Завхан аймгийн иргэд Арцсуурь, Бургастай боомтоор гарах боломжтой болно. Зам дагаж хөгжил ирдэг гэж Монголчууд бид ярьдаг билээ. Завхан аймгийн бүс нутаг, эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.  

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны зөвлөх  Сун Сюежүн “Өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай хоёр улс уул, усаараа холбогдсон найрсаг хөрш орнууд билээ.  Монгол-Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, хүчин чармайлтаар ашиглалтад орж буй Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын төслийн барилгын ажил дуусаж, өнөөдөр нээж байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе” гэв.

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын төсөл хэрэгжиж эхэлснээс олон компани, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж ирсэн. Тус авто замыг барьж, байгуулах хүндхэн хийгээд хариуцлагатай ажлыг хийж, ашиглалтад оруулж буй гүйцэтгэгч байгууллагууддаа  зорилгоо бүрэн биелүүлж, хүлээлгэн өгч байгаад нэн талархалтай байна. Мөн тухай бүрд тусалж, дэмжиж байсан Монгол Улсын Засгийн газар, Улсын Их хурал холбогдох эрх бүхий байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улиастай хот маань хожуу ч гэсэн нийслэл Улаанбаатар хоттойгоо хатуу хучилттай авто замаар холбогдсон ч  орон нутаг хөгжин дэвжих, амьдрал үйлсийн хөгжлийн зам байна гэдэгт бүрэн итгэж байна. Цаашид та бүхний бүтээснээсээ ихийг бүтээх алтан шар зам шулуун дардан байх болтугай. Та бүхэндээ Завхан аймгийнхаа иргэдийн өмнөөс сайн сайхны ерөөл өргөж, амжилт, ололт, бүтээн байгуулалтын олон баяраар эргэн уулзахыг хүсье” хэмээн хэллээ.

Өмнө нь Загастайн давааны 67 километр газрыг туулахад 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо 30-40 минутын дотор аймгийн төв орох боломж бүрдлээ.. Цаг хугацаа хэмнэж, тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол багасаж, түлш, шатахууны зардал буурах томоохон давуу талтай. Завхан аймаг жилдээ 23 мянган гадаад дотоодын аялагч авдаг бол хатуу хучилттай авто замтай болсноор энэ тоо 2 дахин нэмэгдэх тооцоо судалгаа бий. Үүнийг дагаад тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн ажлын байрны тоо нэмэгдэх боломжийг бүрдүүлэх юм.

Анх 2012 онд Засгийн газрын тогтоолоор Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох авто замын барилгын ажлыг эхлүүлсэн ч гүйцэтгэгч байгууллага хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй болж гэрээ цуцалсан. 2015 онд зам барилгын ажлыг эхлүүлсэн ч 2016 онд дахин цуцалж байсан бол олон жил гацсан энэхүү замын төслийн ажлыг БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2019 оноос эхлэн гүйцэтгэж өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.