Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа
Үйл явдал
/
2022-06-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.06.28/ болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан юм.

УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан бөгөөд нийт гишүүдийн олонх дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжсэнгүй. Тиймээс уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд буцааж, дахин боловсруулах чиглэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталснаар үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон монгол наадмаа зөрчилгүйгээр зохион байгуулах боломж бүрдэж буйг дурдаад, энэ чиглэлээр холбогдох яамд, ажлын хэсэг, холбоод онцгой анхаарч, баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэн  ажиллахыг уриалав.

Мөн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, эцэслэн баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонссоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.177.173)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.