Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.28) хуралдаан 12 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахална
Хуралдааны эхэнд “Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраар ахлуулан байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурал 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хилийн боомтын асуудлаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан. Уг тогтоолоор баталсан хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг ирүүлснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, санал илэрхийлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахыг дэмжив.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Дараа нь Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2021-2024 онуудад хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655.0 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсныг тодотгоод энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нь ашиглах хэмжээ 2022-2023 онд 655.0 сая ам.доллароос тус тус хэтрэхгүй байхаар урьдчилан тохиролцоод байна гэв.
Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг бөгөөд Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас хуваарилсан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд хэлэлцээрийн төслийг УИХ-аар соёрхон батлуулж, тус Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тухай бүр Засгийн газрын түвшинд хэлэлцэн зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллахаар төлөвлөсөн гэв.
Азийн хөгжлийн банкны 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт багтаж буй төслүүдийг Азийн хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн бөгөөд “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдаж байгаагийн зэрэгцээ уг Ерөнхий хэлэлцээрт багтсан аюулгүй шуурхай худалдааг дэмжих, уян хатан нэгдсэн хилийн үйлчилгээ төсөл, “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” эрчим хүчний дамжуулах шугам зэрэг төслүүд нь боомтын сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн чиглэлтэй уялдаа холбоотой байна. Түүнчлэн энэхүү хэлэлцээр батлагдсанаар 2022-2023 онуудад төсвийн дэмжлэгийн зориулалтаар 200 хүртэлх сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авч ашиглах боломжтой гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут, Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Т.Доржханд нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут нар зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэчнээн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаарх мэдээлэл тодорхой бус байгааг санууллаа. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Одонтуяа хариултдаа, Азийн хөгжлийн банкны Ерөнхий хэлэлцээрийн 655.0 сая ам.доллароос 2022 онд хоёр зуун далан сая (270,000.000) ам.доллар, 2023 онд гурван зуун наян таван сая (385.000,000) ам.долларын эх үүсвэр хуваарилагдсан. Үүнээс төсвийн дэмжлэгт нийт 200 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ онд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээлийг авч ашиглахаар хүлээгдэж байна. Энэ хэлэлцээрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын арга хэмжээ болон тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдэд зарцуулна гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өмнөх зээлүүдийг ашиглалтын үр өгөөж хангалтгүй байгааг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр авсан зээлийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих чиглэлд зарцуулах талаар саналаа илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг өнгөрсөн хугацаанд Засгийн газраас Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг хэд хэдэн зээлдэгчээс авсан нийт зээлийн үр ашигт нь дүн шинжилгээ хийж, судалгаа хийх шаардлагатай байгааг хэллээ.
Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин