ХЗБХ:Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Үйл явдал
/
2022-06-30

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, “Олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэж буй жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэмийг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтэд олон улсын жишигт нийцсэн техник технологи ашиглах, Монголын тээвэрчид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор олон улсын хэлэлцээрийг баталж байгаа. Энэ хэлэлцээр батлагдсантай холбоотойгоор тээврийн хэрэгслийн жолооч нарыг GPS  буюу хяналтын төхөөрөмжийн дагуу хянах, бүртгэх ажил хийгдэнэ. Үүнийг далимдуулж нэмэлт төлбөр, хураамж авах, тээвэрчдэд чирэгдэл учруулах, хүнд суртал үүсгэхгүй байхад салбарын яам, агентлаг анхаарч ажиллахыг сануулж байна” гэв.

“Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатараар ахлуулан Д.Ганбат, Ж.Мөнхбат, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.95.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.