Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хиилээ
Үйл явдал
/
2022-07-01

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.24 цагт эхэлж, “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамын засварын ажил хэзээ дуусахыг, хууль батлагдсанаар тээвэрлэлт хийж буй автомашинуудад хяналтын төхөөрөмж тавьж, жолоо барих цагийг есөн цаг болгон бууруулах шаардлага тавьснаар бараа тээвэрлэгчдийн ажилд хүндрэл учирч, ашиг орлого буурах асуудал гарах эсэхийг тодруулж байлаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсгээс, Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамын засварт шаардлагатай 5,5 тэрбум төгрөгийг улсын төсөв болон “Эрдэнэс тавантолгой” компаниас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд засварын ажлаа хийгдэж байгаа гэлээ.

Манай улс Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт нэгдэн орсноор машин болгонд хяналтын төхөөрөмж тавихгүй гэлээ. 2007, 2010 оноос хойш европт үйлдвэрлэгдсэн ачааны машинууд тийм төхөөрөмжтэй бөгөөд тэдгээрийг хэрэглээнд оруулж, системд холбох юм байна. Харин Хятадад үйлдвэрлэсэн автомашинуудад тийм төхөөрөмж байхгүй учраас тэдгээр автомашинд тавина. Ийм төхөөрөмжгүй автомашины жолооч нар хил нэвтрэнгүүт торгуулж байгаа учир үүнийг шийдвэрлэхийн тулд хуульчилж байгаа хэмээн тайлбарлалаа. Мөн жолооч есөн цаг жолоо барих шаардлага тавьснаар тээвэрлэлт саатахгүй. Харин машинаа ээлжлэн барих нэмэлт жолоочтой болж, ачаалал нь буурна. Ингэснээр жолооч нарын аюулгүй байдал хангагдаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэсэн хариулт өгсөн юм.

 

Түүнчлэн гишүүд Дарханы чиглэлийн замын бүтээн байгуулалтын явц, үнийн өсөлтөөс шалтгаалан ажил зогссон гэсэн мэдээлэл үндэслэлтэй эсэхийг тодруулж байлаа.

Ажлын хэсэг, Дархан чиглэлийн замын ажил Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкуудын санхүүжилтээр хэрэгжиж буйг дурдаад санхүүжилт сааталгүй орж ирж байгаа гэлээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс үнийн өсөлттэй холбоотой асуудлыг тавьж буй бөгөөд энэ талаар санхүүжүүлж буй банкуудад уламжилсан гэв. Замын ажил хэвийн явагдаж, дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлснээр эцсийн хэлэлцүүлэг өндөрлөж, хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үндэсний их баяр наадмын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэлээ.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт санал гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулах үед УИХ-ын гишүүн Д.Ганбат бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг намын төв байгууллага нэр дэвшүүлэн санал болгосноор бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэх талаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдээгүй саналыг мөн дэмжсэнгүй. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв

Дараа нь Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуулиудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Дээрх төслүүдийг хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс өргөн мэдүүлсэн шинэчилсэн найруулгын төсөлд суурилж хэлэлцсэн болно. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хороо, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, гишүүдэд Ж.Батжаргал, Э.Батшугар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, С.Ганбаатар, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан гэдгийг дурдсан.
Мөн Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Байнгын хороо, нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан болон D-parliament аппликейшнд иргэдээс ирүүлсэн санал, УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, паркуудын төлөөлөл, хэлэлцүүлэгт оролцогчдын саналууд, бусад улс орнуудын үйлдвэрлэл, технологийн паркийн туршлагыг судалж, хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулсныг онцлоод Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 70, найруулгын багцалсан 3 санал тус бүрээр хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэж байлаа.

Тухайлбал, Паркийн зорилго, удирдлагын компанийн өмчлөлийн хэлбэрийг ойлгомжтой болгох, паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэтийн төлөвийг тодорхойлох, гадаад зах зээлд сурталчлах, паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах, паркийн газар эзэмшил, ашиглалттай холбогдох харилцааг боловсронгуй болгож улмаар хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг тусгажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг ойлгомжтой тодорхойлох, паркийн удирдлагын компанийг үүсгэн байгуулах, түүний эрх зүйн байдлыг тодорхой болгох, татварын орчныг олон улсын гэрээ, холбогдох хууль тоггоомжид нийцүүлж өөрчлөх чиглэлээр өөрчлөлт оруулах талаар зарчмын зөрүүтэй саналын томьёололд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд үдээс хойших хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.141.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.