Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улс Азийн хөгжлийн банктай 30 жил хамтран ажиллаж байна. Олон улсын хөгжлийн түншүүд дотроос Азийн хөгжлийн банк бол манай улсын гол түнш юм гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.


Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилго бүхий боомтын шинэчлэл, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2022 оны улсын төсөвт төсвийн тодотгол хийж, Төрийн хэмнэлтийн  тухай анхдагч хуулийг баталж, төсвийн сахилга батыг сайжруулж, чангатгах бодлого барьж байна. Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар 482 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Одоо хэрэгжүүлж байгаа макро эдийн засгийн бодлогын үр дүнд эерэг хүлээлттэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулах, бүтээн байгуулалтыг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө талууд хамтарч ажиллахаар ярилцлаа.