" МИАТ " ТӨХК B7672 300ER Агаарын хөлгийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авлаа
Үйл явдал
/
2022-07-03

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн паркаа шинэчлэх, өргөжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд АНУ-ын Боинг компанитай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2013 онд JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER маркийн агаарын хөлгийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа билээ. Тус агаарын хөлгийг АНУ-ын EXIM буюу Экспорт-Импорт банкны зээлээр авсан бөгөөд 2014-2022 оны хооронд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу “МИАТ” ТӨХК нь үндсэн төлбөр болон хүүг өөрийн үйл ажиллагааны орлогоор цаг хугацаанд нь төлж ирсэн. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сарын 16-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөр болох 8.15 сая ам.долларыг хугацаанаас нь өмнө бүрэн төлж Монгол Улсын гадаад өрийг тодорхой хэмжээгээр бууруулж, Засгийн газар болон Сангийн яамны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэлээ.

Ийнхүү “МИАТ” ТӨХК B767-300ER агаарын хөлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах бүрэн эрхтэй болж байгаа юм. Мөн ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Франкфурт чиглэлийн зай хоёр талдаа 5 орчим цагаар уртассан байсныг багасгаж, хуучин хэвэнд нь оруулахаар болж байна. Ингэснээр “МИАТ” компанийн Европын чиглэлийн нислэгийн зардлыг бууруулах төдийгүй зорчигч үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэх боломжтой болж байгаа юм.

МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: “МИАТ” ТӨХК олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэн, улсын төсөвт болзошгүй өр төлбөр үүсгэхгүй байхад онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны өдөр гадаад зээлийн үлдэгдэл төлбөр болох 8.15 сая ам.долларыг зээлийн хугацаа дуусахаас нэг жилийн өмнө бүрэн төлж, уг зээлийн гэрээг дуусгавар болгон хааснаар Монгол Улсын Засгийн газрын баталгаа мөн АНУ-ын Экспорт-Импорт банкны баталгаа тус тус бүрэн чөлөөлөгдөж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр МИАТ компани санхүүгийн хүнд байдалд байсан хэдий ч бид “Орлого нэмэгдүүлж, зардал бууруулах” цогц төлөвлөгөө гарган нарийн хэрэгжүүлж ажилласны үр дүнд манай компани 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангаар 11 тэрбум, энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаар 2,8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан. Түүнчлэн бид Шинэ сэргэлтийн бодлогод “Агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гэж тусгасны дагуу Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэн Турк улсын Истанбул хотын чиглэлд хуваарьт шууд нислэг нээж, Франкфурт хотын нислэгийн давтамжаа нэмэгдүүлсэн нь өнөөдөр амжилттай үргэлжилж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клечески, АНУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын түншлэлийг тэмдэглэх сайхан үйл явдал болж байна. 2013 онд энэхүү агаарын хөлгийг худалдан авах Боинг болон МИАТ компанийн хоорондын энэ гэрээ Америк Монголын ард түмэнд харилцан ашигтай бизнес хийж болно гэдгийг харуулсан юм. Боинг-767-300ER агаарын хөлгийг худалдах, худалдан авах ажиллагаа нь хоёр талд ашигтай түншлэл болсон. МИАТ компани зээлийн төлбөрөө бүрэн барагдуулснаар энэхүү агаарын хөлөг өөрийн гэр бүлдээ нэгдэж байна. Хуучны анд нөхдийн тогтвортой түншлэл ямар чухал үр дүнтэй болохыг харуулсан үйл явдал болж байна. Та бүхэнд баяр хүргэе.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан: Өнөөдөр Монгол Улсын иргэний нисэхийн салбарт тэмдэглэлт үйл явдал болж байна. МИАТ компанийн ажилтнууд есөн жилийн турш хөлс хүчээ гаргаж ажилласны үр дүнд өнөөдөр Монгол Улсын бүртгэлтэй анхны Боинг агаарын хөлгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч байна. Өнгөрсөн хугацаанд МИАТ агаарын хөлгийн аюулгүй байдал, техник үйлчилгээг сайжруулах чиглэлээр ИНЕГ-тай өдөр тутам хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааг дэлхийн стандартын ханган ажилласны үр дүнд өнөөдөр есхөн настай онгоцтой боллоо. Агаарын хөлөг Монголын мэдэлд шилжин ирснээр зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.

В767-300ER агаарын хөлгийн хувьд нийт 252 суудалтай, алсын зайн тээвэрт зориулагдсан бөгөөд XXl зууны дэвшилтэт хүчин чадал бүхий хөдөлгүүртэйн дээр хамгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай зарцуулалтад тооцогддог байна.

 

“МИАТ” ТӨХК B767-300ER АГААРЫН ХӨЛГИЙГ ӨӨРИЙН ЭЗЭМШИЛДЭЭ ШИЛЖҮҮЛЭН АВЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

 Сэтгэгдэл бичих:

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.