Хөдөлмөрийн баатруудаа алдаршуулж, хүндэтгэл үзүүлэв
Үйл явдал
/
2022-07-03

Хийсэн зүйл, бүтээсэн түүхтэй амьдрах сайхан. Өөрийн ажил хөдөлмөр хичээл зүтгэлээ төр засаг, түмэн олноороо үнэлүүлж, төрийн их хайр хишгийг хүртсэн  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар эрхмүүдэд аймгийн удирдлагууд өнөөдөр /2022.07.01/ хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Дэлхийн Мэдрэлийн Мэс Заслын Холбооны гишүүн, Ачтан клиникийн эмнэлгийн зөвлөх эмч, “Ач” Анагаах Ухааны Их Сургуулийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүний гавьяат эмч, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Академич, Анагаахын ШУ-ны доктор, профессор Ануарын Нота болон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Анагаах ухааны салбарт тасралтгүй 40 гаруй жил ажилласан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, гавьяат  эмч, клиникийн профессор, шилдэг эрэмгийн мэс засалч Ныгыметийн Есей нарт аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Х.Арман, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нар хүндэтгэл үзүүлж, Казах түмний хамгийн хүндэтгэлийн бэлэг болох Шапан буюу дээлийг бэлэглэж, баяр хүргэн, аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнаж, алдаршуулав.

Аймгийн Засаг дарга “Нутаг орноос алдартан төрөхөд уул, ус, уугуул иргэд, лус савдаг хүртэл баярладаг. Эрүүл мэндийн салбараас төрөн гарсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар хоёр эрхэмд чин сэтгэлээсээ баяр хүргэж, эрүүл энх урт удаан насалж үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар А.Нота эмч анагаах ухааны салбарт тасралтгүй 50 гаруй жил ажилласан бөгөөд Мэдрэлийн мэс заслын салбарт шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг, үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, уураг тархины судасны эмгэгийн онош, мэс засал, эмчилгээг онолын хувьд баталгаажуулж практикт бүрэн нэвтрүүлэн, үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн юм.

Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Есей эмч анагаах ухааны салбарт тасралтгүй 41 жил ажилласан бөгөөд хөдөө орон нутагт хийгддэггүй бөөрний чулуу авах, элэг, цөс шилжүүлэн суулгах гэхчлэн мэс заслыг гарамгай хийж ирсэн алтан гартан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.