Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурал 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хилийн боомтын асуудлаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан. Уг тогтоолоор баталсан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орох тухай хүсэлтээ Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ирүүлснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, санал илэрхийлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахыг дэмжиж, “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Эдийн засгийн байнгын хорооны харьяа зургаан төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, дөрвөн байгууллагад “зөрчилгүй”, хоёр байгууллагад “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэдгийг танилцуулгын эхэнд дурдлаа.
Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 10 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагад дүгнэлт гаргаж, 5 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 3 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 2.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.2 тэрбум төгрөгийн 5 нягтлан бодох бүртгэлийн алдааг залруулж, 200 сая төгрөгийн зөрчилд 2 төлбөрийн акт, 1.4 тэрбум төгрөгийн зөрчилд 20 албан шаардлага, 400 сая төгрөгийн зөрчилд 8 зөвлөмж өгсөн байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 7.4 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 46 байгууллагад дүгнэлт гаргаж, 7 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, 3 байгууллага аудит хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан байгууллагаас 37 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан. Аудитаар нийт 333.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 324.6 тэрбум төгрөгийн 66 алдааг залруулж, 0.7 тэрбум төгрөгийн 28 зөрчилд төлбөрийн акт, 3.5 тэрбум төгрөгийн 63 зөрчилд албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн 6 зөрчилд хариуцлага тооцуулах санал, 2.4 тэрбум төгрөгийн 92 зөрчилд зөвлөмж өгсөн байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 121.4 тэрбум төгрөгөөр буурчээ.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 100 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж, аудитын явцад залруулсан байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 60 сая төгрөгөөр өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 23 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 17 байгууллагад дүгнэлт гаргаж, 6 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 17 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 100 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.07 тэрбум төгрөгийн 17 алдааг залруулж, 0.4 сая төгрөгийн сая төгрөгийн нэг зөрчилд төлбөрийн акт, 0.02 тэрбум төгрөгийн зөрчилд 5 албан шаардлага, 0.06 тэрбум төгрөгийн зөрчилд 20 зөвлөмж өгчээ. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 0.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 25 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс, 22 байгууллагад дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 14 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна. Аудитаар нийт 1,392.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 106.3 тэрбум төгрөгийн 41 алдааг залруулж, 4.8 тэрбум төгрөгийн зөрчилд 17 төлбөрийн акт, 304.8 тэрбум төгрөгийн 60 зөрчилд албан шаардлага, 976.5 тэрбум төгрөгийн зөрчилд 61 зөвлөмж өгчээ. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 983.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 31 байгууллагад дүгнэлт гаргаж, 1 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, шинээр байгуулагдсан 1 төслийн санхүүгийн тайланг аудитад хамруулаагүй байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 26 байгууллагад “Зөрчилгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 152.3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 119.2 тэрбум төгрөгийн 83 алдааг аудитын явцад залруулж, 0.4 тэрбум төгрөгийн 36 зөрчилд төлбөрийн акт, 6.6 тэрбум төгрөгийн 48 зөрчилд албан шаардлага, 25.0 тэрбум төгрөгийн зөрчилд 90 зөвлөмж, 1.0 тэрбум төгрөгийн 5 зөрчилд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 5.0 тэрбум төгрөгөөр буурчээ.
Тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлыг дурдсан байлаа. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулах, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байгаа төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх болон аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллах шаардлагатай гэжээ.
Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, С.Чинзориг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Ингээд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.
“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжлээ
Дараа нь Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлын зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан.
Тэрбээр, сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр “Их 7”-гийн санаачилгаар эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг “ВЕРS” олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар “ВЕРS”-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрмийг боловсруулсан. Одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн ороод байгааг танилцуулгадаа онцлов.
Мөн Монгол Улсын хувьд Европын Холбооны татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт буюу татварын саарал жагсаалтаас 2018 онд гарахдаа “ВЕРS”-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг Европын Холбооны өмнө хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард “ВЕРS”-т 111 дэх гишүүнээр нэгдэн орж, түүний стандартуудыг 2019 онд дотоодын хууль тогтоомжид тусгасан. Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг ВЕРS-ийн 6 дугаар болон 14 дүгээр стандартад нийцүүлэх тухай Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн биелүүлэлт хүлээгдэж байна. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурлын үеэр Европын Холбооны зүгээс татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох шаардлагатай байгааг дурдаж, улмаар үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд татварын саарал жагсаалтад буцаж орох эрсдэл байгаа тухай мэдэгдсэн гэв. Түүнчлэн “Татварын саарал жагсаалтад орсон Монгол Улс нь Европын Холбооны тогтвортой хөгжлийн сан, стратегийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, хөрөнгө оруулалтын урсгал буурах, санхүүгийн гүйлгээнд тодорхой хэмжээний хязгаарлалт ирэх зэрэг сөрөг үр дагаврууд гарах юм. Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх, эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох, үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсад бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, татвар шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой” хэмээн Н.Тавинбэх сайд танилцуулгадаа дурдлаа.
Энэ конвенцод нэгдсэн орсноор гадаадын хөрөнгө оруулагч нарт ямар нэг эрсдэл, болгоомжлол үүсэх эсэхийг тодруулсан Ж.Ганбаатар гишүүний асуултад “Татвараас зайлсхийх арга хэрэгсэл ашигладаггүй хөрөнгө оруулагчид ямар ч сөрөг нөлөө учрахгүй. “ВЕРS” олон улсын байгууллагад нэгдсэн орсон 140 гаруй улс бүгд дүрэм, стандартаа мөрдөж ажилладаг. Европын Холбооноос манай улсад жилд 3 гаруй тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын урсгал орж ирдэг. Харин эсрэгээрээ энэ конвенцод нэгдэж орохгүй тохиолдолд Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ манай улс хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж, дээрх хөрөнгө оруулалтын урсгалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл бий” хэмээн Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр далд эдийн засгийн эсрэг дорвитой арга хэмжээ дутагдаж байгааг сануулаад цахим эдийн засгийн татварын асуудлыг зохицуулах тал дээр холбогдох байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэйг хэлэв. “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар боллоо.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив
Мөн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнээс шууд хамааралтай байдаг. Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт түлшний хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд л манай улсад сумлаж байна. Түүнчлэн “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмжид “Аялал жуулчлалын чиглэлээр улирал харгалзахгүйгээр жуулчдын урсгалыг тогтвортой өсгөх, агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаатай уялдаатай төлөвлөж, аялал жуулчлалын захиалгат нислэгийн зохицуулалтыг өргөжүүлнэ” гэж тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хэрэглээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгааг танилцуулгадаа онцлов.
Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулах арга хэмжээ авах, агаарын хөлгийн түлш нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, охин компани болох “Эрчис ойл” ТӨХХК-ийг байгуулсан.
“Эрчис ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах явцад ОХУ-ын “Роснефть” НХН-иас өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэн. Улмаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг эрхлэх хамтарсан компани байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг талууд хэлэлцэн тохирч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Роснефть компанийн ерөнхий захирал нар 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Москва хотноо харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан гэв.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.” гэж заасан. Хуулийн энэхүү заалт нь “Эрчис Ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм. Иймд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх үйл ажиллагааг дэмжих хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг төслийн танилцуулгад дурджээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин