Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан өнөөдөр (2022.07.05) “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хууль батлагдсантай холбогдуулан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар тогтоолыг баталсан.
Энэхүү тогтоолын 1.2-т “Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг энэ хуульд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны зургаадугаар сард багтаан өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.
Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050”-ыг боловсруулж, Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын баримт бичиг нь дараах Хөгжлийн зорилтот хөтөлбөр байна гэж заасан байдаг. Үүнд:
6.5.1.хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.2.нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.3.эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.4.байгаль орчны зорилтот хөтөлбөр;
6.5.5.засаглалын зорилтот хөтөлбөр;
6.5.6.бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.7.үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр юм.
Үүний дагуу Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тушаалаар байгуулж, Монгол Улсад хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах ажлыг анх удаа зохион байгуулсан байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон, Монголын Эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй онцлогт суурилж, дэлхийн хөгжлийн дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” аж.
“Алсын хараа-2050” нь 2030, 2040, 2050 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан эхний арван жилд хүрэх зорилго, зорилтуудыг бүх салбарын оролцоотойгоор хангахад чиглүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор авч үзэн, хөгжлийн үр шимийг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх зарчмыг баримтлан боловсруулжээ.
Хөгжлийн 6 зорилтот хөтөлбөрийн хүрээнд 28 зорилго, 95 зорилт, 374 үйл ажиллагааг томьёолон тусгалаа. Хөгжлийн зорилтот хөтөлбөрт эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, бүтээлч иргэнтэй болох, шударга, ёс зүйтэй, хүмүүнлэг нийгмийг цогцлоох, хүн амын амьжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлт бүхий, мөчлөг сөрсөн эдийн засгийн суурийг бэхжүүлэх чиглэлээр бодитой үр дүн гарсан байх зорилт дэвшүүлсэн байна.
Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 онд эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 6 хувьд хадгалах, хүний хөгжлийн индексийг 0.74-өөс 0.85 оноонд хүргэх, дундаж наслалтыг 70.7-оос 78 болгож нэмэгдүүлэх, мөн ядуурлын түвшнийг 28.4-өөс 15 хувь болгож бууруулах, засаглалын үр нөлөөний үзүүлэлтийг 45.7-оос 71.9 нэгж болгон өсгөх, үндэсний өрсөлдөх чадварын индексээр дэлхийд эзлэх эрэмбийг 20 байраар урагшлуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
22 цаг 58 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
22 цаг 58 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин