Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Үйл явдал
/
2022-07-06

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.07.05) хуралдаан 19 цаг 33 минутад эхэлж, Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслүүдийг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг танилцууллаа.  

  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуух асуулт, саналтай гишүүн байгаагүй тул үргэлжлүүлэн Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.