Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.07.05/ дэлхий дахинд “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпаныг хүлээн авч уулзлаа.
Н.Айшолпан охиныг 13 настай байхад нь анх Изралийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгийн хязгаарт зочлохдоо гэрэл зургийг нь дарж сурвалжилага хийн “BBC” агентлагийн цахим хуудаснаа гаргаж байсан юм. Улмаар “The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэсэн түүхтэй. Түүний тоглосон “The Eagle Hunterss” нэртэй баримтат кино дэлхийн 33 улсад гарч, казах түмний соёлыг сурталчилсан. Бүргэдчин охин Н.Айшолпан Казахстан Улсад Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа.
Тэрээр аймгийн Засаг даргад “Миний бие сургууль соёлоо төгсөж ирээд, эх нутагтаа Баян-Өлгий аймгийн Өлгий суманд амьдарч, цаашид аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, олон улсын аялагчдад бүргэдийг танин мэдүүлэх сурталчлах талын ажил эрхлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах газар олгож өгөхийг хүсэж байна” хэмээн өргөдлөө өгч шийдэж өгөхийг хүслээ.
Энэ үеэр Засаг дарга “Монголыг дэлхийд таниулж буй аливаа өгөгдөл бүрийг бид уухайлах түрэх, уриалан алдаршуулах, дэмжих учиртай. Н.Айшолпан охин маань дэлхийд Монголыг таниулсан, бидний бахархал болсон охин. Бүргэдээр ан хийх, аялал жуулчлалын эвент арга хэмжээгээр дамжуулан соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Иймд аймгийн Засаг даргын зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлж, газар олгох эрх бүхий холбогдох Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат нарт Айшолпаны хүсэлтийг нь уламжилж шийдвэрлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Бүргэдийн ан, шувуучлахуйн өв уламжлалыг Монгол улс 2010 онд НҮБ-ын ЮНЕСКО-д биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн билээ. Н.Айшолпан охин бүргэд гаршуулах урлагийг анх аав Р.Нургайыпаас сурч, найман настайгаасаа бүргэдээр ан авлаж эхэлсэн байсан