"Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил-2022" олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-09
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газар,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв (INFOTERM), Стандарт, хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС, МУБИС-тай хамтран Монгол Улсад анх удаа "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2022.07.08) Төрийн ордонд зохион байгуулж байна.  Уг хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Өнөө цагт дэлхий дахины шинжлэх ухаан, техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахын тулд нэр томьёо судлалыг эрчимжүүлж, нэгдсэн бодлого зохицуулалтаар өргөн хүрээнд дэмжих нь чухал юм. Энэ ч үүднээс "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил-2022" олон улсын эрдэм шинжилгээний хуралд нийт 14 орны 60 гаруй эрдэмтэн, судлаачид олон улсын нэр томьёоны туршлага, хэлний технологи, стандартчилалын талаар илтгэл хэлэлцүүлж байна.
 
Хуралд оролцогчид мэдлэгийн менежмент, мэдээллийн тогтолцоонд нэр томьёоны үүрэг, нийгмийн хэрэглээнд нэр томьёо, ухагдахууныг жигдлэх, хэвшүүлэх, цахим толь бичиг зохиох, шинжлэх ухааны нэршил, өгөгдлийн сан үүсгэх зэрэг олон асуудлаар шийдэл дэвшүүлж, хамтдаа хэлэлцэж, харилцан туршлага солилцож байлаа. Нэр томьёоны чиглэлээр олон улсын түвшинд анх удаа болж буй уг хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улсын Их Хурлын Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Олон улсын нэр томьёоны мэдээллийн Инфотерм төв, Стандарт хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МҮХАҮТ, ШУТИС, МУБИС зэрэг дотоодын их, дээд сургуулиуд хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.