Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбож байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 16-17-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрбээр өчигдөр Цагааннуур боомтод ажилласан бол өнөөдөр тус аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Даянгийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй 10 дахь боомт Даян юм. Тус боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомтод ажиллах үеэрээ “Даянгийн боомт Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг учраас эдийн засгаа тэлэх тэр дундаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг. 1992 оноос тус боомтоор барилгын материал нэвтрүүлэхээс эхлээд эдийн засгийн томоохон урсгалууд чиглэж байсан ч дэд бүтцийн тал дээр бид хангалттай хөрөнгө оруулж чадаагүйгээс төдийлөн сайн хөгжөөгүй. БНХАУ Даян боомттой хиллэдэг талаасаа авто замаар холбочихсон байгаа. Өлгий сумаас Даянгийн боомт хүртэл 180 орчим километр. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар  холбохоор ажиллаж байна. Энэ бол баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн Арцсуурь төмөр замын наад талд Баян-Өлгий аймгийн хамгийн богино хугацаанд гурван улсыг холбосон авто замын боомт болох юм. Баруун бүс нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэл хоттой харьцуулахад өндөр байдаг. Боомтуудыг авто замаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой болно” гэлээ.
Цагааннуур, Даянгийн боомт авто замаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор үүсэж, Новосибирскээс дөрөв хонож ирдэг ачаа тээврийн машин нэг хоногт ирэх боломж бүрдэх юм байна.


 


 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.