Дугуй цагаан орчмыг ойн цэвэрлэгээнээс гарсан моддыг ашиглан тохижуулж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-18

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажлууд хийж буй. Тухайлбал, Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла байршилд тохижилтын ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тухайн байршлуудад ажиллалаа.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Богдхан уул бол хүний урсгал ихтэй газар. Дугуй цагаан орчмын тохижилтын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Наймдугаар сарын 15-ны дотор тохижилтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламжийн төлөвлөлт, тохижилтын ажилд залуус санаачилгатай оролцож байна. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлж байгааг дэмжиж байна. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар, байгалийн чулууг ашиглан хийхээр төлөвлөж байгаа. Хүний урсгал нэмэгдэж, ая тухтай орчин бий болбол үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлого мөн нэмэгдэнэ. Иймд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж байна. Аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, хамтарч ая тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарна” гэв.

ЯВГАН ЗАМ, ТОГЛООМЫН ТАЛБАЙН АЖЛУУДЫГ НАЙМДУГААР САРЫН 15-НД ДУУСГАНА

Тохижилтын ажлын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ:

-Дугуй цагаан орчимд 2.6 га талбайд тохижилтын ажил үргэлжилж байна. Үүнд нас насныханд зориулсан амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, саравчийг төлөвлөсөн. Угтах хэсэгт нийтийн бие засах газар, жижиг хоолны газрын талбайг бэлдэж байна. Явган хүний замд ашиглаж буй мод нь Сэлэнгэ аймаг болон Богд уулын ойн цэвэрлэгээнээс гарсан модод гэдгийг онцлох хэрэгтэй. Наймдугаар сарын 15-нд явган зам, тоглоомын талбайн хэсгүүдийг дуусгахаар ажиллаж байна. Дугуй цагаан орчимд амралтын цэгүүд байгуулах ажил 15-наас хойш үргэлжлээд явах юм гэлээ.

Дугуйн цагаан орчимд гурван байршилд хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар "Лэнд арт" ХХК-ийн захирал Ц.Батдорж “Хүүхдийн талбайг байгалийн унаган төрхөд зохицсон хэлбэр, дүрстэйгээр зохиомжилж хийхээр төлөвлөж байна. Хүүхдэд яг зурсан зураг шиг харагдахуйц, тоглоход ээлтэй, эко гэдгээрээ онцлог. Гурван байршилд том, дунд, бага насны ангилалд тоглоомууд хийх юм. Ирэх лхагва гарагт тоглоомын талбайн ажлыг эхлэхээр төлөвлөсөн. Тоглоомын талбайг улиас модоор хийнэ. Байгалийн жамаар унасан, цэвэрлэх явцад гарсан моднуудыг ашиглаж байгаа юм” гэж ярилаа.

ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ОРЧИМД ТОХИЖИЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хотын дарга Туул гол орчмын тохижилтын ажилтай танилцах үеэрээ “Бага тэнгэрийн ам орчмын 3.5 га талбайд хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх талбай бий болно. Тохижилтын ажлыг хүйтний улирал дуусахаас өмнө хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж илэрхийлсэн. Мөн АСЕМ вилла орчмын тохижилтын ажил үргэлжилж байна. Үүнээс гадна дүүргийн удирдлагуудад ногоон байгууламж нэмэгдүүлэх үүргийг өгсөн. Иргэдэд ая тухтай, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд нийслэлийн удирдлагууд анхаарна” хэмээлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.73.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.