Газрын тосны бүтээгдэхүүн үнийн өсөлтийг эсрэг засгийн газар, УУХҮЯ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Үйл явдал
/
2022-07-21

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд:

  1. 2022 оны 4-р сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганаар “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг батлуулсан.
  2. Засгийн газрын 2022 оны 4-р сарын 20-ны өдрийн 160 дугаар тогтоолоор импортлогч аж ахуйн нэгжүүдийн худалдан авах Аи-92 бензинийн урьдчилгаа төлбөрт шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын өрийн баталгаа гаргуулан Монголбанкны хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгуулсан.
  3. Засгийн газрын 2022 оны 4-р сарын 20-ны өдрийн 161 дугаар тогтоолоор Аи-92 автобензиний гаалийн албан татварыг “0” төгрөг,  Дизель түлш онцгой албан татвар “0” төгрөг болгосон.
  4. УУХҮЯ-аас Роснефть НХН-тэй 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хэлцэл хийсний дүнд Аи-92 автобензинийг 4, 5, 6 сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр 840$/тн үнээр худалдан авахаар тохиролцсон. Харин 7 дугаар сарын эхээр Роснефть компанитай дахин хэлэлцэж 7 сараас 2022 оныг дуустал Аи-92 шатахууныг 830$/тн үнээр, ДТ-ийг сар бүрийн хил үнээс 5 хувийн хөнгөлөлттэй авах тохиролцоонд хүрсэн.

Аи-92 бензиний хувьд:

  1. Монгол улс Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-ын Роснефть компанитай 2018 оны 5 сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авдаг.
  2. Уг гэрээгээр Монгол улсын худалдан авах Газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын үнийг тогтоохдоо Сингапур дахь олон улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний Платц (Platts) биржийн өмнөх сарын 1-ээс 25-ний хооронд тогтсон өдөр бүрийн арилжааны дундаж үнийг суурь болгож авдаг.
  3. Уг гэрээний зарчмын дагуу тогтсон Аи-92 бензиний зах зээлийн үнэ нь 2022 оны 4-6 сард тонн тутамдаа 1110-1200$ байсан бөгөөд 1 литр Аи-92 бензиний жижиглэнгийн үнэ нь 3171-3493₮ болж өсөхөөр байсан.
  4. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд 4-6 сард 1 литр Аи-92 бензиний жижиглэнгийн үнийг 2390₮ дээр тогтворжуулж, 4-6 сард зах зээлд борлуулагдах үнээс 1 литр тутамд 781-1103₮ буюу нийт 36 сая ам.долларын бодит хэмнэлтийг бий болгосон.
  5. Харин 7 дугаар сард тогтсон Аи-92 бензиний зах зээлийн үнэ нь 1285$ болж өмнөх сараас дахин 85$-оор өсөж, 1 литрийн жижиглэнгийн үнэ нь 3730₮ болж өсөх нөхцөл бүрдсэн. Энэ нөхцөл байдалд Засгийн газрын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 4-р сараас тогтоосон 2390₮-ийн үнийг он дуустал үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр Аи-92 бензиний жижиглэнгийн үнийг 1 литр тутамд 1340₮-ийн хэмнэлттэй худалдан авах боломжийг бий болголоо.
  6. ОХУ-ын Роснефть компани нь Аи-92 бензиний үнэ дээр 4-6 сард 24.3-30.0%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байсан бол 7 сард хийсэн хэлцлийн дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байна. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн дээр үзүүлж байгаа энэхүү хөнгөлөлт нь Энэтхэг, БНХАУ-ын нефтийн үйлдвэрүүдэд нийлүүлж буй түүхий тосон дээр үзүүлж буй хөнгөлөлтөөс эдийн засаг талаасаа илүү бодит үр дүнтэй юм.
  7. Энэ хугацаанд импортлогч компаниудад ямар нэгэн татаас олгоогүй болно.
  8. Дэлхийн зах зээл дээр 2022 он гарсанаас хойш Аи-92 бензинийн хувьд хил үнэ тонн нь 747-оос 1285$ болж 72% өссөн бол Монгол Улсын хувьд жижиглэнгийн үнэ 6%-ийн өсөлттэй байна.

Дизель түлшний хувьд:

  1. Монгол улс Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-ын Роснефть компанитай 2018 оны 5 сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авдаг.
  2. Уг гэрээгээр Монгол улсын худалдан авах Газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын үнийг тогтоохдоо Сингапур дахь олон улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний Платц (Platts) биржийн өмнөх сарын 1-ээс 25-ний хооронд тогтсон өдөр бүрийн арилжааны дундаж үнийг суурь болгож авдаг.
  3. Дизель түлшний үнэ нь 2018 оноос зах зээлийн зарчмаар зохицуулагдаж ирсэн.
  4. Оны эхэнд дизель түлшний зах зээлийн үнэ 705$ байсан бол 7 дугаар сард 1295$ болж 83.7% өссөн бол дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнэ 2840₮-өөс 4030₮ болж 41.9% өсөлттэй буюу 2 дахин бага өсөлттэй байна.
  5. Энэ нь Засгийн газраас үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээний хүрээнд дизель түлшний онцгой албан татварыг “0” төгрөг болгосон болон бусад үе шаттай хэрэгжүүлсэн арга хэмжээний дүн юм.
  6. Нийт дизель түлшний импортын 70%-ийг бөөний худалдан авагчид буюу уул уурхай, зам барилгын компаниуд хэрэглэдэг бол Аи-92 бензиний үндсэн хэрэглэгчид нь иргэд байдаг.
  7. ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийх явцад дизель түлшний үнийг бууруулах талаар саналыг тавьсан боловч ОХУ-ын дотоодын хэрэглээ эрс өссөн тул аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний урамшууллыг олгож байна. Иймд үнийг бууруулах боломжгүй харин он дуустал 5 хувийн хөнгөлөлт үзүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр анхааръя гэсэн хариу ирүүлээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.241.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.