Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, судлаачдын “Цахим шилжилтэд анхаарах асуудал” сэдэвт анхдугаар уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2022-07-21

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2022.07.19) Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын мэдээллийн технологийн салбарын байгууллага, мэргэжилтэн, судлаачдын “Цахим шилжилтэд анхаарах асуудал” сэдэвт анхдугаар уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг уулзалт, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх Бодлогын зөвлөл, Хилийн чанад дахь Монголчуудын технологийн зөвлөл, Монгол-Солонгосын мэдээлэл, технологи, харилцаа хөгжлийн холбоо, БНСУ-ын Дижитал байгууллагуудын холбооны төлөөлөл зэрэг нийт 70 гаруй оролцогч танхим болон цахим хэлбэрээр оролцов.

Мэдээлэл технологийн салбар сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа үсрэнгүй хөгжиж, бид хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжих, эдийн засгаа тэлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Дэлхийн нийтийн хөгжлийн энэхүү чиг хандлагыг даган улс орны эдийн засгийг солонгоруулах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил нь дан ганц төрийн байгууллагын хариуцах асуудал биш. Төр-хувийн хэвшлийн түншлэл дээр суурилж, ахиц гардаг салбар. Мөн мэдээллийн технологийн салбараар тэргүүлдэг бусад улс орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох нь манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, “Мэдээллийн технологийн салбарыг бодлогын түвшинд дэмжих зорилгоор Улсын Их Хурлаас 2018 онд Цахим бодлогын түр хороог байгуулсан бол 2022 онд үйл ажиллагааг нь өргөжүүлэн Инновац, цахим бодлогын байнгын хороо болгосон. Байнгын хорооноос төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийг зорьж ажилладаг. Өнгөрөгч онд цахим хөгжлийг дэмжих Нийтийн мэдээллийн ил тод байдлыг тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай багц хуулийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан нь манай улс цахим шилжилт, цахим эдийн засгийн хөгжилдөө хэрхэн анхаарч байгааг илтгэж байгаа гэж үзэж байна.” гэв.

Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл ““Цахим үндэстэн” баримтлах чиг хандлага” сэдвээр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүн, “ICT” группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн “Dijital Transformation and ICT Ecosystem in Mongolia” сэдвээр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх Хилийн чанад дахь Монголчуудын технологийн зөвлөлийн гишүүн, “Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал “Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн асуудал” сэдвээр, Монгол-Солонгосын мэдээлэл, технологи, харилцаа хөгжлийн холбооны тэргүүн Ш.Төгсбаяр “Хөгжлийн шинэчлэлийг дэлхийгээс, дижиталаас” төслийн талаар, БНСУ-ын Дижитал байгууллагуудын холбооны гишүүн, “The Glim” компанийн захирал Хуан Сэжүнь “БНСУ-ын дижитал хөгжлийн туршлага, 2022 оны мэдээллийн технологийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

 

Манай улсын хүн ам цөөн ч өнөөдрийн байдлаар гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрчээ. Үүний 3.4 сая ухаалаг гар утас хэрэглэгч байгаагаас 64 хувь нь 4G өндөр хурдны интернэт хэрэглэдэг байна. Нийт ухаалагч гар утас хэрэглэгчдийн 93 орчим хувь нь санхүүгийн байгууллагад данстай бөгөөд 22 орчим хувь нь уг дансаа гар утсаараа дамжуулан удирддаг байна. Ухаалагч гар утас хэрэглэгчдийн дийлэнх хувь буюу 2.5 сая хэрэглэгч нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцдог. Мөн нийт 96 их, дээд сургуульд 160 орчим мянган оюутан суралцаж байгаагийн 2.3 хувь нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын чиглэлээр суралцдаг аж.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар ДНБ-ий 2.3 хувийг бүрдүүлдэг гэсэн тоо баримт бий. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны газрын дарга Б.Билэгдэмбэрэлийн өгсөн мэдээллээр манай улсад нийт 3500 орчим харилцаа холбоо, мэдээллийг технологийн компани үйл ажиллагаа явуулж байна. Үүний 33 хувь нь санхүүгийн, 30 хувь нь боловсролын, 14 хувь нь бусад салбарын чиглэлээр ажилладаг.

Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Мөн энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудлуудыг төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх гарц шийдэл байгааг хөндөж байв.

Монгол, Солонгос хоёр орны мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргахад энэхүү уулзалт, хэлэлцүүлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Байнгын хорооны дарга Н.Учрал илэрхийлээд энэ салбарын хамтын ажиллагаа зөвхөн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, мэдээллийн технологиор дамжуулан уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарын хөгжилд ч үр ашиг өгнө гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.8.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.