“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд сургалт, судалгааны байгууллагууд, эрдэмтдийн үүрэг, оролцоо өндөр
Үйл явдал
/
2022-06-24
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Монгол Улсын их сургуулийн Ойн сургалт, судалгааны төвд ажиллалаа.

Тус төв нь Батсүмбэр сумын Үдлэг, Өртөөн мухар орчимд 2,000 га талбайн ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Оюутан суралцагчид ойн аж ахуйн хөтөлбөрөөр эзэмшсэн онолын мэдлэгээ хээрийн дадлагаар баталгаажуулах, судалгааны арга зүйг эзэмших, дагалдан суралцах, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажилд оролцох, хамтран гүйцэтгэх, нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэхүү сууринд хээрийн дадлага хийх судалгааны дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулан явуулж байна. Тус төв нь 2.5 га газарт мод үржүүлгийн газар, 4 га газарт таримал ургамлын плантац, 3 лаборатори, сургалтын танхим, багш, оюутны сууцтай.

Мөн энэ үеэр Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Ойн нүүрстөрөгчийн мониторингийн цамхгийн талаар танилцууллаа.Ази тивд ойн нүүрстөрөгчийн мониторингийн 7 цамхаг байдаг бөгөөд Монгол Улс дахь цамхаг нь сүүлийн 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж иржээ. 25 метр өндөр энэхүү цамхаг нь Монгол орны ойт хээрийн бүсэд уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйлсийн үзүүлж буй нөлөөллийг судалдаг юм.

Энэ ондоо багтан мониторингийн цамхагт орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж хэрэгсэл суурилуулж, технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд сургалт, судалгааны чиглэлийн байгууллагууд, мэргэжлийн багш, эрдэмтдийн олон жил хуримтлуулсан туршлага, мэргэжлийн манлайлал, үүрэг оролцоо өндөр гэдгийг хэллээ.

МУИС-ийн ой судлалын хөтөлбөрийн багш, эрдэмтэд ойн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг АНУ-ын Колумбийн их сургууль, Харвардын их сургууль, ХБНГУ-ын Геттэнгенийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн их сургууль, Япон улсын Хоккайдогийн их  сургууль зэрэг 30 гаруй сургуультай хамтарсан судалгааг Монгол орны нутагт хийж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.237.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.