Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улсад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ?
-Омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давалгаа үүсгэж байна. Энэ хувилбар бол сүүлийн хувилбар биш. Мөн нэг асуудал нь аль ч вирус тасралтгүй мутацид орж шинж тэмдэг нь илүү хөнгөн болох хандлагатай байдаг атал энэ вируст ийм хандлага харагдахгүй байна. БА4, БА5 хувилбарын шинж тэмдэг хүнд байна. Одоогоор ХӨСҮТ дээр хийж буй генын дараалал тогтоох шинжилгээний үр дүнгээс харахад нийт тохиолдлын 10 орчим хувь нь Омикроны БА4 ба БА5 хувилбар эзэлж байгаа ба 14 хоног дотор 80-95 хувийг энэ хувилбар эзлэх болно гэсэн тооцооллыг манай эрдэмтэд гаргаад байна.
-Омикроны БА4 ба БА5 хувилбарын шинж тэмдэг онцлог юу вэ. Мөн ямар эрсдэлтэй вэ ?
-БА4 ба БА5 хувилбарууд сэртэнгийн уураг дээрээ L452R ба F486V гэж нэрлэгддэг мутаци агуулдаг ба L452R мутаци нь эсэд бэхлэгдэх, дархлаанаас зугатах боломж олгодог бол F486V мутаци нь эс лүү нэвтрэх чадварыг эрс нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, маш хурдан эсэд бэхлэгдэж дотогш нэвтрэх чадвартай болсон гэсэн үг юм. Хэдий тийм боловч вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эс вирусыг хурдан таньж, хурдан идэвхжиж халдварлагдсан эсүүдийг устгаж мөн дархлааны уургуудийг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүс болон ахмад настнуудад эрсдэл үүсдэг. Учир нь эдгээр хүмүүсийн дархлааны эс вирусээр халдварлагдсан эсийг устгаж чадахгүй удсанаас вирус олон эсэд үржиж улмаар шинж тэмдэг хүндэрч амь насанд эрсдэл үүсдэг. Тухайлбал энэхүү хувилбар нь дархлаа хэвийн вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй.Шинж тэмдэгийн хувьд хамраас шингэн нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох мөн тасралтгүй ханиалгах зовиур илэрч мөн ядрах, булчин шөрмөсөөр, үеэр өвдөх, халуурах мөн гурав дахь өдрөөс цээжээр өвдөх их ханиаснаас болж жижиг нарийн судсууд гэмтэж цустай ханиах гэх мэт шинж тэмдгүүд голлож байна. Хүүхдэд бол халуурах мөн хуцуулж ханиах шинж тэмдэг илүү түлхүү байна. Хүүхдүүдэд илүү тод шинж тэмдэгтэй хүнд өвдөх эрсдэл байгаа ба үүн дотроо хавсарсан өвчтэй хүүхдүүдэд эрсдэл бас үүсч байна. Хүүхдүүдэд мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрч байна. Ер нь шинж тэмдэг хүнд байна. Дээрх шинж тэмдгүүд 7-14 хонож байж арилж байна, вакцинтай хүмүүст шинж тэмдэг илүү хурдан арилж байгааг мөн амт үнэр алдах шинж тэмдэг илрэхгүй байгааг Их Британы Ковид шинж тэмдэг бүртгэдэг “Zoe Health” байгууллага мэдээлж байна.
-Шинэ хувилбарын давалгааг хэрхэн явагдана гэж үзэж байгаа вэ?
-Энэхүү хувилбар нь тухайн улсад хэр том давалгаа үүсгэх бэ гэдэгт тухайн улс орны вакцины хамралт, яг ямар төрлийн вакциныг тарьсан, дархлаа сэргээх тунд хэдэн хувь нь хамрагдсан, урьд нь ямар хувилбараар үүсгэгдсэн давалгаанууд хэдийн хугацаанд явагдсан, хүн амын насны бүтэц тухайлбал хүн амын дийлэнх нь хөгшин эсвэл залуу эсэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Ийм шалтгаанаар зарим улс оронд нийт хүн амын таван хувь нь халдвар авч өвдөж байхад зарим оронд 15 хувь хүртэлх хувь нь өвдөж байна. Манай хувьд вакцины нэг ба хоёр тунгийн хамралт сайн мөн дархлаа сэргээх тунгийн хамралт сайн байгаа зэрэг нь давуу талыг олгож байгаа. Гэхдээ судлаачид вакцины үр нөлөө 4-5 сарын дараагаар буурч байгааг байнга анхааруулж байгаа учир вакцинд хамрагдаад дээрхээс илүү хугацаа өнгөрсөн иргэдийг вакцинд хамрагдахыг бид байнга уриалж байна. Энэхүү давалгаа манайд хүчтэй давалгаалж эхэлсэн нь манай дийлэнх иргэд сүүлийн тунгаа хийлгэснээс хойш зургаан сараас дээш болсон вакцины дархлааны нөлөө буурсан үетэй давхцаж байна.
-Шинэ хувилбартай тэмцэх манай улсын тактик ямар байх вэ?
-ЭМЯ-ны зүгээс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихээхэн чармайлт гаргаж АНУ-ын ЭСЯ-ны холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж хүсэлт тавьсны хүрээнд “Ковакс” хөтөлбөрөөр дамжуулан “Файзер” 5-11 насны хүүхдүүдийн вакцинг хүлээн авах эхний орны тоонд манай улс багтаж нэг сая тунг энэ оны зургадугаар сард хүлээж аваад байгаа. “Ковакс” хөтөлбөрийн томоохон санхүүжүүлэгч нь АНУ байдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Мөн 12-16 насны хүүхдүүдийг дархлаа сэргээх тунг тарих ба 16 дээш насны иргэдийг дархлаа сэргээх тунгуудад хамрагдах тушаалыг бид 2022 оны нэгдүгээр сард гаргасан. Мөн иргэдийг нэмэлт тунд хамруулах шаардлагатай. Үүнд хоёр дахь тун хамрагдсан хүмүүс гурав дахь тундаа, гурав дахь тунд хамрагдсан хүмүүс дөрөв дэх тундаа хамрагдах шаардлагатай. Эмнэлгийн орны зохицуулалтыг бид төвлөрүүлэн хийнэ. Зөвхөн хүндрэх эрсдэлтэй хүүхэд, жирэмсэн, настан болон хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлнэ. Хөнгөн өвдөж буй иргэд гэрээрээ дархлаагаа дэмжих эмчилгээ хийх ёстой. Мэдээж иргэд бусад өвчнөөр өвдөж байдаг тул бүх эмнэлгийн ор, үйлчилгээ, хүний нөөцийг цар тахлын эсрэг зориулах боломжгүй учир дээрхи зохицуулалтуудыг хийж байна. Мөн Засгийн газрын зүгээс өнөөдрийн байдлаар бүх аймгуудын төвд болон Улаанбаатар хотын томоохон эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, ПГУ шинжилгээний лабораториудыг байгуулж, эмийн гурван сарын нөөцийг бүрдүүлсэн байгаа. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй тул эрүүл мэндийн салбарыхан болон бусад хариу арга хэмжээний хүний нөөцийг нэмэлт вакцинжуулалтад хамруулна. Энэ намар олон хүчин зүйлээс хамааран Томуу ба ковид тохиодлын тоо эрс нэмэгдэх аюул байгаа гэж харж байгаа учир манай салбар бүх л боломжтой бэлтгэл ажлуудыг одооноос ханган ажиллаж байна. Иргэд олон нийт амны хаалтыг заавал зүүх шаардлага үүсч байна.
-Хүүхдийн вакцин хийхэд эрсдэл байгаа юу?
-Мэдээж аль ч улс орон өөрийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа эм, тариа, вакцинд хамруулахдаа хамгийн их судалгааг хийж болгоомжтой ханддаг. АНУ-ын Эм Хүнсний агентлаг 2021 оны аравдугаар сард 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь энэ насны бүлэг дэх өвчлөл ба хүндрэл нас баралтыг тооцон үзэж мөн энэ насны бүлэгт хийсэн судалгаан дээр үндэслэсэн байдаг. 5-11 насны хүүхдийн вакциныг хөгжингүй олон орон 2021 оны сүүлчээр хийж эхэлсэн. АНУ гэхэд 2021 оны сүүлч гэхэд найман сая гаран тунг тарьсан. Үүнээс таван сая нь нэгдүгээр тун гурван сая нь хоёрдугаар тунг тарьсан. Тус улсын Өвчний Хяналтын Төвөөс 2021 оны сүүлчээр мөн 5-11 насны вакцин тариулсан хүүхдүүдийн гаж нөлөөний судалгааг нийтэлсэн ба 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарих нь халдвараас үр дүнтэй хамгаалахаас гадна эрүүл мэндийн эрсдэлгүй байна гэсэн судалгааг мөн гаргасан. Бид 5-11 насны хүүхдүүдийн вакциныг олон оронд хэрэглэсний дараагаар хийж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл бид вакцины судалгаанаас гадна олон олонд хэрэглэсний дараахь судалгааг үндэслэн хийж байна.
-Цаашид коронавирус алга болох уу. Эрдэмтэд юу гэж үзэж байгаа вэ?
-Коронавирус гэдэг бүлэгт маш олон төрлийн вирус байдаг юм. Дэлхий дахинг донсолгоод байгаа энэ вирус бол Sars-CoV-2. Өнөөдөр зарим коронавирус бидний дунд бидэнтэй хамт оршин амьдарч буй. Олон эрдэмтэд энэхүү коронавирус (Sars-CoV-2) нь бусад дөрвөн улирлын коронавирусын адилаар улирлын шинж чанартай болж намар өвөлдөө гурван жил тутамдаа дэгдэлт өгдөг байдал руу шилжих магадлалтай гэж үзэж байгаа. Харин тэрхүү дэгдэлтийн үед шинж тэмдэг нь ямар байх бэ хөнгөн байх уу, хүнд байх уу. Мөн Лонг ковид буюу Ужиг Ковид байхаар байх уу гэдэг дээр нэлээн маргаантай байна. Харин яг одооных шиг ийм байдлаар томоохон дэгдэлтүүд яваад байх юм бол цаашид дэлхий даяар Нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байх болно.
-
21 цаг 59 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
21 цаг 59 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин