Үндэсний их баяр наадмыг аймагт 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд, сумууд 07 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд тэмдэглэнэ
Үйл явдал
/
2022-06-25

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 10-13-нд орон даяар нэгэн зэрэг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн эдгээр өдрүүдэд бүх аймгууд наадмаа зохион байгуулна. Үндэсний баяр наадам зохион байгуулах  хороо байгуулах, аймгийн төвийн болон сумуудын баяр наадмын хугацаа тогтоох зорилгоор өнөөдөр /2022.06.24/ аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний бүх байгууллага, агентлагуудын удирдлагууд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед удирдан зохион байгууллаа.

Цар тахлын улмаас хоёр жил наадмаа тэмдэглэж чадаагүй. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд давхацсан ойнуудыг тэмдэглэнэ.

Иймд Үндэсний их  баяр наадмыг аймагт 2022 оны 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд, сумдын удирдлагуудаас гаргасан санал Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн зөвлөмж зэргийг харгалзан сумдын баяр наадмыг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхлээр шийдвэрлэв. Харин тэгш ой нь тохиож буй Буянт сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг 2022 оны 07 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд, Ногооннуур сум үүсэн  байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг 2022 оны 09 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар боллоо.

Мөн  Үндэсний баяр наадам зохион байгуулах хороог 1 ерөнхий хороо болон 16 салбар хороод байхаар хэлэлцэж баталлаа.

700

Энэ жил сумдын наадам эрт товлогдсонтой холбогдуулан сумандаа шөвгөрсөн бөхчүүд, айрагдсан морьд, мэргэн харваачид улс болон аймгийн наадамд оролцох боломж бүрдэж байгаа юм.

Энэ жилийн наадмын онцлог нь орон даяар “Монгол бахархал, Дотоод нүүдлээ сэргээнэ” гэсэн уриан дор зохион байгуулагдах юм. Түүнчлэн Үндэсний баяр наадмыг орон даяар нэгэн өнгө төрхөөр зохион байгуулахаар болсонтой холбогдуулан аймгийн Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан “Үндэсний их баяр наадмын өнгө төрх брэнд хөтөч”-ийг энэ үеэр танилцуулав.

Хурлын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга, баяр наадам зохион байгуулах ерөнхий хорооны дарга Б.Мухамед салбар хороодын дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Салбар хороо бүр баярын наадмыг угтаж зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх,
  • Салбар хороодын дарга нарыг хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллаж, бэлтгэл ажлыг цаг хугацаандаа хангах үүрэг чиглэл өглөө.

ҮНДЭСНИЙ БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ХОРОО БОЛОН 16 САЛБАР ХОРООДЫГ УНШИГЧ ТА БҮХЭНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Аймгийн баяр наадам зохион байгуулах ерөнхий хорооны даргаар Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан нар томилогдов.

Харин баяр наадам зохион байгуулах ерөнхий хорооны гишүүдээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга  Ө. Хуралай, Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  хэлтсийн дарга Х.Анар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Вита, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Тиянах, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Х.Асет, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч,  штабын дарга, дэд хурандаа С.Батэрдэнэ, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч  штабын дарга, хошууч Б.Ууганжаргал, Хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан, Цагдаагийн газрын дарга, хошууч Ө.Танат, аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, Байгаль, орчин, аялал, жуулчлалын газрын дарга Ш.Марат, Биеийн тамир спортын газрын дарга Х.Хайнар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Пернегүл, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Мал эмнэлгийн газрын дарга А.Айдынасхар, Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, Автотээврийн  төвийн дарга З.Онгар, Цахилгаан шугам сүлжээний газрын дарга  Ж.Керей, аймгийн Бөхийн холбооны тэргүүн Ш.Хабыл, аймгийн Морин спортын холбооны тэргүүн Ш.Айдос, аймгийн Морин уяачдын холбооны нарийн бичгийн дарга Б.Ерханат, аймгийн Сурын холбооны нарийн бичгийн дарга Ч.Буян-Өлзий нар томилогдов.

700

Харин Үндэсний баяр наадам зохион байгуулах салбар хороодыг дараах байдлаар ангилж, дарга нарт хариуцууллаа. Үүнд:

  1. Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах салбар хороог Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан
  2. Хурдан морины уралдааныг зохион байгуулах салбар хороог Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан
  3. Сурын харвааг зохион байгуулах салбар хороог Аймгийн ИТХ-ын төлөөлөгч,Сурын холбооны тэргүүн Б.Энхболд
  4. Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороог аймгийн Шагайн холбооны тэргүүн В.Сүрэнхүү нарт хариуцууллаа.
  5. Наадмын парад зохион байгуулах салбар хороог байгуулж, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ерболд харицууллаа
  6. Соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах салбар хороог байгуулж, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай
  7. Өлгий хот болон наадмын талбай, морь барианы газрын замын тохижилт, худалдаа, үйлчилгээ, ариун цэврийн асуудал хариуцсан салбар хороог ЗДТГ-ын Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  хэлтсийн дарга Х.Анар
  8. Наадмын хуушуурын шалгаруулалт /фестиваль/ зохион байгуулах салбар хороог Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Вита
  9. Аймгийн төв талбайд наадмын оройн урлагийн тоглолт зохион байгуулах салбар хороог ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль
  10. Казах үндэстний тулам булаацалдах /Көкбар /, /Кыз куар/ тоглоом зохион байгуулах салбар хороог Биеийн тамир спортын газрын дарга Х.Хайнар
  11. Казах үндэстний харилцаа дууны “Айтыс” тэмцээн зохион байгуулах салбар хороог Соёл урлагийн газрын дарга К.Бекжан
  12. Хэвлэл мэдээлэл сурталчилгааны салбар хороог ЗДТГ-ын Төрийн үйлчилгээ мэдээллийн төвийн дарга С.Еркебулан 
  13. Хэв журмын асуудал хариуцсан салбар хороог Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Тиянах
  14. Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах салбар хороог Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен
  15. Зохион байгуулалт, аж ахуй, үйлчилгээ хариуцсан салбар хороог ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Х.Асет
  16. Үндэсний хувцасны уралдаан зохион байгуулах салбар хороог аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.57.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.