EMV чип технологид суурилсан үндэсний брэнд ₮ карттай холбоотой түгээмэл асуулт, хариулт
Үйл явдал
/
2022-06-27

1. EMV чип технологи гэж юу вэ?

“EMV” нь ухаалаг чиптэй төлбөрийн картыг хэлдэг бөгөөд үүсгэн байгуулагч Europay, MasterCard, Visa зэрэг байгууллагуудын нэрийн товчлол юм. EMV стандарт нь ухаалаг чиптэй картын дэлхий даяар хэрэглэгддэг аюулгүй байдлын технологи юм.

2. EMV чип технологийг дэлхийн хэчнээн улс оронд ашиглаж байна вэ?

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар дэлхийн нийт төлбөрийн картын 68.2% буюу 11 тэрбум гаруй картад EMV технологи нэвтрүүлсэн байна.

3. Үндэсний брэнд ₮ карт EMV чип технологид суурилснаар ямар давуу тал, ач холбогдолтой болж байгаа вэ?

Үндэсний брэнд ₮ карт EMV чип технологид суурилснаар олон улсын жишгийн дагуу нууцлал, аюулгүй байдал сайжрах төдийгүй, ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэд технологийг нэвтрүүлэх суурь шийдэл юм. EMV чип бүхий ₮ картыг хуулбарлах, хулгайн болон залилангийн гүйлгээний эрсдлээс хамгаалах ба карт эзэмшигчид EMV чиптэй ₮ картыг ашиглахад илүү хялбар, үр ашигтай болсон. Үүгээр зогсохгүй чип технологид суурилсан төлбөрийн болон урамшууллын шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, чип картыг зайнаас (NFC) уншуулж мөнгөн дүнгийн тодорхой хязгаар дотор ПИН кодгүй гүйлгээ хийх, нийтийн тээвэр, авто зогсоол, замын төлбөр гэх мэт бага дүнтэй, олон тооны гүйлгээ шуурхай хийгдэх шаардлагатай газруудад төлбөрийн картыг ашиглах боломж бүрдсэн. Үүнээс улбаалж арилжааны банкууд болон финтек компаниуд шинэ төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлэх бүрэн бололцоотой болж байна.

4. Үндэсний брэнд ₮ карт гэж онцлох нь ямар учиртай вэ?

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн үндэсний брэнд “₮-карт”-ыг Монгол Улс дахь арилжааны банкуудтай хамтран гаргах ажлыг 2012 онд амжилттай зохион байгуулж, төлбөрийн системийн хөгжилд чухал ач холбогдол бүхий алхам хийсэн. 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 2.6 сая ширхэг ₮ карт ашиглагдаж байгаа бөгөөд энэ нь нийт картын зах зээлийн 58.4 хувийг эзэлж байна.

5. Манай улсад Үндэсний брэнд ₮ картаас өөр төрлийн карт ашиглагддаг уу?

Манай Улсад ₮ картаас гадна Виза, Мастеркарт, ЮнионПэй, Амекс, ЖэйСиБи зэрэг олон улсын төлбөрийн картууд ашиглагддаг.

6. Үндэсний брэнд ₮ картын нууцлал, аюулгүй байдал хэр баталгаатай вэ?

Олон улсын жишгээр EMV стандартын дагуу нууцлал, аюулгүй байдлын хангасан болно.

7. Үндэсний брэнд ₮ картыг өөр улс оронд ашиглаж болох уу?

Одоогийн байдлаар ₮ карт нь зөвхөн МУ-ын нутаг дэвсгэр дээр ашиглагдана.

8. Арилжааны банкуудаас захиалж авсан ₮ картууд өөр хоорондоо ялгаатай юу?

Тухайн арилжааны банкнаас хамааран ₮ карт нь өөр өөрийн өнгө дизайн, урамшуулал, үйлчилгээний нөхцөлөөр ялгарах боломжтой.

9. Үндэсний брэнд ₮ картыг захиалж авахад ямар нэгэн шалгуур бий юу?

Та аль нэг арилжааны банканд төгрөгийн харилцах данстай байхад хангалттай.

10. Үндэсний брэнд ₮ картыг хэрхэн захиалж авах вэ?

Та өөрийн харилцдаг банкаараа дамжуулан EMV чип бүхий ₮ картаа захиалан авна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.