Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Швед, Исланд, Эстони Улсыг хариуцсан захирал хатагтай Эва Кассел Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэлхийн 31 улсыг хариуцсан захирлуудын зөвлөлийн 9 гишүүн байгааг уулзалтын эхэнд танилцуулав.
Тэрбээр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хариуцсан улсуудад зөвлөлдөх уулзалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг ба Монгол Улсад байх хугацаанд Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийсэн. ЕСБХБ-ны Удирдлах зөвлөлөөс Монгол Улсад хэрэгжүүлэх 5 жилийн стратеги төлөвлөгөөг энэ намрын сүүлээр батлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн Монгол Улсад хийж буй томилолт цаг үеэ олсон болохыг тэмдэглэв. Мөн Монгол Улс КОВИД-19 цар тахал, геополитик зэргээс шалтгаалан амаргүй нөхцөл байдлыг даван туулж байгаа энэ үед эдийн засгаа тогтворжуулахад хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцлов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улстай зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хугацаанд хамтран ажиллаж ирсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банканд талархал илэрхийлж, Монгол Улсын экспортын 80 орчим хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр алт гэсэн түүхий эд бүрдүүлдэг болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, төрөөс баримталж буй бодлого нь эдийн засгийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд чиглэж, аж үйлдвэрийн салбарыг дэмжих, сурталчлах явдал юм.
КОВИД-19 цар тахал, геополитик зэргээс шалтгаалж буй амаргүй энэ цаг үед Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Монгол Улсын ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл болон хүний эрхийг дээдлэх нийтлэг зарчмуудад тулгуурласан хамтын ажиллагаатай стратегийн түнш юм. “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгаа төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжил, ногоон хөгжлийг дэмжих, бэрхшээлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна гэв.
Талууд ЕСБХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагаа, эрх зүйн орчны талаар санал солилцов.
Уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Монгол Улс, Нидерланд, БНХАУ, Хойд Македон, Армени Улсыг хариуцсан захирал Каспар Велдкамп; Турк, Румын, Азербайжан, Молдав, Киргиз Улсыг хариуцсан захирал Чаатай Имиржи; Австрали, БНСУ, Шинэ Зеланд, Египет Улсыг хариуцсан захирал Филип Линдсэй; Франц Улсыг хариуцсан захирал Яанн Пузат; Австри, Израйль, Кипр, Мальта, Казахстан, Босни Герцеговин Улсыг хариуцсан захирал Леандр Треппел; Испани, Мексик Улсыг хариуцсан захирал Энрике Алехо; Португаль, Грек, Сан Марино, Энэтхэг Улсыг хариуцсан орлогч захирал Димитрис Метаксас-Трикардос; Европын Холбоог хариуцсан орлогч захирал Маркус Шульте; ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
19 цаг 7 мин
-
21 цаг 48 мин
-
23 цаг 8 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
19 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин